Замын Түгжрэлээс Бултах Хэдэн Арга

12/13/2013

Нийслэл хотод маань олон асуудал бий, эдгээрээс хамгийн бэрхшээлтэй нь авто замын түгжрэл (утааны дараа орох байх). Айл өрх бүр авто машинтай болж байгаа энэ үед хотын маань авто зам ачааллаа дийлхээ болиод удаж байна. ШЗГ-аас санаачилж байгаа “Гудамж” гэх мэт хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа нь сайшаалтай боловч үнэндээ ачааллыг багасгаж чадахгүй байгаа. Нийслэлийн захиргаанаас хэрэгжүүлж байгаа “дугаарын хязгаарлалт” бол үнэндээ шийдэл олж чадахгүй мухардчихаад байгаа явдал шүү дээ. Харин ч энэ нь иргэдийг дугаараа сольж, хуурамч дугаар хэрэглэх, зарим нэг боломжтой хэсгийг олон машин авах дур хүсэл уруу түлхэх сөрөг талтай юм. Тэглээ гээд хүмүүсийн хүслийг хязгаарлах боломж бололцоо энэ нийгэмд байхгүй. Нөгөөтэйгүүр төр засгийг шийдэж өгөхийг хүлээгээд суух нь ч ардчилсан нийгэмд ичгэвтэр хэрэг болно. Тэгвэл яах вэ? Хувь хүн бүр өөрөө шийдлийг олох нь арга зам ч байж болох юм. Энд зарим нэг технологи ашиглан энэхүү хүндрэлийг даван гарах хэдэн аргыг хүргэж байна.

1. Газрын зураг ашигла.


Хэдэн жилийн өмнө оюутан байхдаа мотоцеклоор юм түгээдэг ажил хийдэг байлаа. Тэр үед тулгардаг байсан асуудал бол хаягжуулалт. Хотын хаягжуулалт үнэхээр замбараагүй, тоо дугаарлалт ч байхгүй. Айлын хаалга хүртэл дугааргүй байдаг нь уурыг бардаг байлаа.
Тэгэхээр манай нөхцөлд газрын зураг ашиглах нь хамгийн зөв арга юм. Google Map, эсвэл гар утасныхаа газрын зургийг ашиглаад очих газраа заавал тэмдэглэж байх хэрэгтэй. Ингэснээр түгжрэл багатай зам, гудамжийг олж мэдэж болно. Интернетэд холбогдох боломж байхгүй бол гадуур зардаг, Улаанбаатар хотын газрын зураг худалдаж аваад машиндаа авч явж бай.

2. UB ITS апплекшнийг ашигла.


Авто замын хяналтын системийг нэвтрүүлсэн нь Улаанбаатар хотын шинэ үеийн түүхэнд байгаагүй том дэвшил гэж боддог. ITS систем нэвтэрсэн нь маш олон талын ач холбогдолтой. Эдгээрийн нэг нь UB ITS апплекшн юм. Хэрэглэгчид гар утасан дээрээ уг аппыг суулгаснаар замын нөхцөлийг шууд мэдэх боломжтой. Гэхдээ сүүлийн үед уг аппын мэдээлэл бодит байдалтай бага зэрэг зөрөх болсон. Уг нь түгжирлийг улаанаар, удааширсан байдлыг шараар, чөлөөтэй байгааг ногооноор тэмдэглэдэг боловч зам таг түгжирчээд байхад уг апп дээр шар тэмдэглэл гараад байдаг. Гэхдээ миний бодлоор шарыг улаан уруу, ногооныг шар уруу гэх мэт хөрвүүлэн ойлгочихвол зүгээр санагдсан.

Татах: iOS
Татах: Android

3. ФМ сонс.

Үүнийг бүх жолооч л мэдэх байх. Авто радиогоор замын нөхцөл байдлын талаар мэдээлэл 30 минут тутам цацагддаг учраас таны явах чиглэл ямар байгааг мэдээд авчихна.

4. Интернет банк, мессеж банк ашигла.

Манай бараг бүх банк интернет банк, мессеж банкны үйлчилгээ үзүүлдэг учраас аль болох энэ үйлчилгээг ашиглах хэрэгтэй. Ингэх нь гадуур явж түгжрэлд орох шаардлагагүй, банкны урт дараалалд зогсож цагаа алдах шаардлагагүй гэх мэт маш олон давуу талтай. Интернет банкаар та юу хийж болох вэ?
  • Аливаа шилжүүлэг. Банк доторх болон банк хооронд аливаа гүйлгээг хийх боломжтой.
  • Байрны төлбөрөө та мөн интернетээр төлчих хэрэгтэй. Хуучнаар хадгаламж банкны данстай бол (байхгүй бол шинээр нээлгэчих) мөнгө байршуулан түүгээрээ байрныхаа төлбөрийг төлөх хэрэгтэй. Ингэхийн тулд та банк дээр очиж гэрийнхээ хаягаар төлбөрийн данс нээлгэх шаардлагатай. Ингэсэн үед тэр дансанд байрны нэхэмжлэл чинь очих болно.
  • Утасныхаа төлбөрийг мөн интернетээр төлж болно.
  • Сар бүр төлдөг зээлээ мөн төлж болно. Зарим банк автомат системтэй болсон тул тэр тохиргоог нь хийлгэчихвэл бүүр амар. Мөн зарим банкны интернет банкны үйлчилгээнд гүйлгээгээ загвар болгон хадгалах боломжтой байдаг тул сар бүр дахин дахин хийгүй амар байдаг.
  • За тэгээд бүх төрлийн интернет худалдан авалт байж болно. Европ, Америк болон зүүн азийн орнуудад интернет худалдаа асар өндөр хөгжсөн байдаг. Манайх ч удахгүй энэ чиглэлд орох нь зайлшгүй.

5. Интернетээр ажилаа хий.

Интернетээр ажиллах боломжтой хүн тун цөөхөн гэдэг нь мэдээж. Гэхдээ таны ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан тийм боломж танд ч олдож болох юм. Тэгэхээр та даргатайгаар ярилцаад үзээрэй.

6. Лавлах ашиглаж бай.
Дэлгүүр хоршоо, эмнэлэг, сургууль, ресторанд очихоор төлөвлөсөн ч байршил, ажиллах цагийн хувиар зэрэг наад захын юмыг мэдэхгүй бол түлхүүрээ эргүүлэхээсээ өмнө лавлах уруу залгаарай. Түгжирч, түгжирч очсон чинь хаалттай, эсвэл захиалгатай байвал бөөн шаталт биз дээ?

7. Долоо хоногт нэгээс доошгүй удаа нийтийн тээврээр яв.

Мах шиг чихдэг, хөл гар дээр гишгэнэ, хулгай хийнэ гээд нийтийн тээврээр зорчиход хүндрэл олон бий. Гэхдээ үнэ цэнэтэй юмаа сайн далд хийж аваад явахад эд оргил ачаалалтай үед ямар ч сайхан унаанаас хурдан явна шүү дээ.

8. УБ хөтөч апп ашигла.


Уг апп нь багахан хэмжээний лавлах юм. Гол нь офлайн буюу интернетгүй үед ашиглахад тохиромжтой. Мөн нийтийн тээврээр зорчиж байгаа үедээ уг аппыг ашиглан автобусны чиглэл болон буух буудлаа газрын зураг дээрээс харах боломжтой.

Татах: iOS
Татах: Android

9. Ажлынхаа ойролцоо нүүж оч.

Орон сууц хүн бүрийн бараг мөрөөдөл болчихоод байгаа энэ үед байраа соль гэж хэлэхэд таны инээд хүрч байгаа байх. Гэхдээ та нэг тооцоо хийгээд үз. Хотын захын дүүргээс төв уруу ирэхэд хэр хугацаа зарцуулж байна? Дунджаар нэг цаг, тэгээд л хоёр гурван цаг түгжрэх тохиолдол илбэг шүү дээ. Мөн хотын бүх л байршлийн орон сууц (хашаа байшин ялгаагүй) үнэд орсон тул зараад ажлынхаа ойролцоо сууцтай болох боломж байж ч болох юм.

10. Дүрмээр тогло!

Дээрх ес бол түгжирлээс бултах аргууд бол энд харин бултах аргагүй үед хийх эцэсийн арга хэмжээг ярья. Энэ бол дүрмээр тоглох. Нийгмийн харилцааны бүх асуудал дүрмээр тоглогүйгээс болдог гэсэн судалгаа бий. Манай нэг дуун дээр “Зөв явбал зөөлөн замбуулин” гэж хэлдэг шиг хөдөлгөөнд зөв оролцвол зөөлөн шүү дээ. Хүн болгон дүрмээ бариад явбал бухимдал байхгүй болно. Бухимдалгүй байхад аливаа асуудал хурдан үр дүнтэй шийдэгдэнэ.


Бидний бэлтгэсэн нийтлэл танд таалагдсан бол цаашаа олон хүнтэй хуваалцаарай. Мөн танд үнэтэй санал байвал бидэнтэй хуваалцаарай.


0 comments:

Post a Comment

 
Toggle Footer