Сансрын Төлөөх Тулаан

10/14/2013


Сансрын төлөө тулаан бол хүйтэн дайны үеийн АНУ болон ЗХУ-ын хооронд болж байсан пуужингийн технологийн өрсөлдөөн юм.
Үүсэл

V2 пуужингийн бүтэц
Гэхдээ бүх ЗХУ эсвэл АНУ-аас гаралтай биш юм. Харин энэ бүх зүйлийн эхлэл Герман улсаас гаралтай юм. 1930-аад оноос эхлэн дэлхийн хоёрдугаар дайны сүүлч хүртэл Германаас илүү пуужингийн технологитой улс байгаагүй юм. Дэлхийн нэгдүгээр дайн Versailles-ын гэрээгээр төгсгөл болох тэр үед Герман улс холын зайны их буу хөгжүүлэх эрхгүй болсон байв. Харин үүнийг давж гарахын тулд тэд их буу биш харин пуужингийн технологит хөрөнгө хүч, судалгаа шинжилгээг явуулж эхэлсэн юм. Ийнхүү пуужингийн технологийн судалгааг эхлүүлэхийн тулд дэд хурандаа Карл Эмил Беккер жижиг инженерын баг бүрдүүлэхээр болж багтаа Валтер Дорнбергер болон Лео Занссеныг авсан байна. Харин 1932 онд Kummersdorf-West нууц төсөлд Беккер болон Дорнбергер пуужингийн тусламжтайгаар сансар огторгуйг эзлэх мөрөөдөлтэй инженер Вернер Вон Брауныг элсүүлсэн байна.



Вернер Вон Браун анх энэхүү технологийг цэргийн зориулалтаар ашиглана гэж бодож байгаагүй ч дэлхийн хоёрдугаар дайны үед тэд Vergeltungswaffe 2 (өшөө авалтын зэвсэг 2) товчоор V2 пуужинг зохион бүтээж энэхүү пуужинг ашиглаж нацист Герман холбоотнуудад цохилт өгч байжээ. Ингээд дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл ойртож Герман улс дайнд ялагдах нь тодорхой болоход ЗХУ, АНУ, Их Британы цэргийн хүчин Германы пуужингийн технологийн талаарх мэдээлэл болон эрдэмтдийг хайж эхлэв. Дайн төгсгөл болоход эдгээр гүрний тагнуулын албадууд эрдэмтдийн өөр өөрсдийн талд оруулсан юм.



V2 нисэхийн өмнө


Дэлхийн хоёрдугаар дайны дараа хуучин холбоотнууд дайснууд болцгоож хүйтэн дайн эхэлсэн юм. Харин АНУ болон ЗХУ-ын пуужингийн технологийн гараа V2 пуужингийн дизайнаас эхэлсэн юм.



Пуужин зохион бүтээх багууд


Вернер Вон Браун
Вернер Вон Браун дайны дараа АНУ-ын пуужингийн төслийн ахлах зохион бүтээгч болсон бөгөөд тэдний ажлын гараа нь дайны үед олзолсон V2 пуужингуудыг угсарч Америкын инженерүүдийг сургах байв.

Сергей Королёв
Харин ЗХУ-ын пуужингийн төслийг Сергей Королёв удирдах болсон бөгөөд тэд ч мөн адил дайны үед олзолсон Герман технологиос гараагаа эхэлсэн юм.



Хүйтэн дайны үед Вон Браун болон Королёв хоёр өрсөлдөгчид байсан бөгөөд Вон Браун Королёвыг нас бартал өрсөлдөгчийгөө мэддэггүй байв. Учир Сергей Королёвыг ЗХУ нууцалсан бөгөөд түүнийг олон нийт зөвхөн "ахлах зохион бүтээгч" нэрээр л мэддэг байв. Харин 1966 онд түүнийг нас барсны дараа нууцыг задалсан бөгөөд тэр л үед Вон Браун өрсөлдөгчийнхөө нэрийг мэдсэн түүхтэй.



Хүйтэн дайн


Хүйтэн дайн дэлхийн хоёрдугаар дайнаас хойш 1991 он хүртэл үргэлжилсэн үзэл суртлын тулаан бөгөөд энэ үед хоёр их гүрэн шууд бие биетэй сөргөлдөж байгаагүй ч хором бүр бие биетэйгээ цэрэг хүч, эдийн засаг болон техник технологиор нөгөө талаасаа илүү гарах гэж хичээж байсан үе юм.

Р-7
1949 оныг хүртэл АНУ дэлхий дээрх цөмийн бөмбөгтэй ганц улс байсан. Харин 1949 оны есөн сард энэхүү давуу байдлаа алдсан юм учир ЗХУ-д өөрсдийн цөмийн бөмбөгийг туршсан байв. Гэсэн хэдий ч АНУ илүү давуу байдалтай хэвээр байв учир дайны үед эдийн засаг болон зэвсэгт хүчин эрс сайжирсан бөгөөд тухайн үед цөмийн зэвсгийн стратегийн бөмбөгдөгч онгоцоор л байндаа хүргэх боломжтой байв. Мөн Нисэх Хүчний давуу талтай байв.

Харин дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ улсын байдал хүнд байв. Улс орон дайнд нэрвэгдэж сэргээн засварлах маш их ажил байсан бөгөөд АНУ-руу бөмбөгдөгч онгоцоор ч цөмийн цохилт өгөх боломжгүй байв. Тиймээс 1947 онд Сталин тив алгасах баллистик пуужин зохион бүтээж АНУ-аас ирэх аюулыг хамгаалах үүрэг өгсөн байна.



Atlas-A
1953 он гэхэд Германы хуучин загвараас илт давуу Р-7 пуужин туршилтанд бэлэн болсон байна. 1953 оны найман сард туршилт амжилттай болсон бөгөөд дараа сар энэ нь анхны бүрэн ажиллагаанд орсон тив алгасах баллистик пуужин болсон байна. Ийнхүү ЗХУ АНУ-руу цөмийн цохилт өгөх шинэ боломжтой болов.

Харин АНУ пуужингийн төслөө цэргийн хүчний хэсэг бүрт даалгасан байсан бөгөөд 1945 онд Нисэх Хүчин MX-774 пуужингийн туршилтыг хийж байсан боловч 1947 он гэхэд хүссэн үр дүнд хүрэхгүй байсан тул санхүүжилтыг зогсоожээ. 1957 он гэхэд Нисэх Хүчин нь шинэ MX-1593 төсөл дээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1955 он гэхэд хамгийн чухал хэсэгт тооцогдож санхүүжилтаа авч байв. MX-1593 төсөл нь хувьссаар Atlas-A болж 1957 онд АНУ анхны тив алгасах баллистик пуужин болсон байна. Дараагийн сайжруулсан загвар Atlas-D нь цөмийн зэвсэг тээвэрлэх боломжтой болов.



1950-аад оны өрсөлдөөн (Анхны хиймэл дагуул)

1955 он гэхэд хоёр их гүрний пуужингийн технологи нилээд ахицтай хөгжсөн байсан бөгөөд 2 улс 4 хоногийн зайтайгаар 1957-оос 1958 оны хооронд анхны хиймэл дагуулыг хөөргөх болно хэмээн мэдэгдэж байсан бөгөөд энэ уралдааныг түрүүлсэн улс нь өрсөлдөгчдөө өөрсдийн технологийн илүү байдлыг харуулах маш том боломж болж өгсөн юм.

Обьект-Д буюу Спутник-3
Анхны хиймэл дагуулуудын 1956 оны Вон Брауны Jupiter-C туршилтын талаарх мэдээг авсан Королёв тухайн туршилт нь амжилтгүй болсон хэдий ч хиймэл дагуулын туршилт гэдгийг мэдэж өөрийн хиймэл дагуулын төслийн ажлаа түргэтгэсэн байна. Түүний Р-7 пуужин америкийн пуужингаас илүү хүчирхэг байсан учраас энэ талаа анхандаа ашиглахаар Обьект-Д дээр ажиллаж байжээ. А Б В Г гэсэн үсэг нь бүгд цөмийн зэвсэг тээвэрлэгч гэсэн утгатай байсан бөгөөд Д нь хиймэл дагуул гэсэн утгатай байв. Обьект-Д нь америкийн төслийн хажууд илүү том байсан бөгөөд нийт 1400 кг жинтэй байх бөгөөд 300 кг нь шинжлэх ухаанд зориулсан багаж төхөөрөмжүүд байх ба эдгээрийн тусламжтайгаар дэлхийн зураг авах, цацраг идэвхитэй байдлыг хянах, дэлхий соронзог орны талаарх мэдээллийг өгөх байв. Гэсэн хэдий ч энэ ажил нь хүссэн хугацаанд амжиж хэрэгжихгүй байгааг тооцож тэрээр 1957 оны хоёрдугаар сард Простейший Спутник-1 (хамгийн энгийн хиймэл дагуул ПС-1) ашиглах зөвшөөрөл авчээ. Ингээд Обьект-Д-г 1958 он хүртэл хойшлуулсан байна. Харин спутник бол 83,8 кг жинтэй 58 см-ын диаметртэй бөөрөнхий хэлбэр бүхий хиймэл дагуул байв. Энэ хиймэл дагуул нь нарийн төвөгтэй багаж төхөөрөмжгүй бөгөөд 2 богино долгион дээр ажиллах радио цацагчтай байв.

Спутник-1
1957 оны Олон Улсын Геофизикын хурал дээр АНУ нэгэн агуу зүйлийг танилцуулах болно гэсэн үг Королев хүрсэн байсан бөгөөд тэрээр түүний өрсөлдөгч Вон Браун өөрийн Jupiter-C пуужинг хиймэл дагуулын хамт "Дэлхийн хиймэл дагуул" гэсэн нэртэй сонингийн нийтлэлтэй тааруулж 10 сарын 4 эсвэл 5-нд хөөргөнө гэж тооцоолжээ. Тиймээс тэрээр шинэчлэсэн 8К71ПС серийн  дугаартай Спутник-1 хиймэл дагуултай Р-7 пуужинг есөн сард Байконурт аваачиж нислэгт бэлтгэсэн байна. Ингээд Оросын цагаар 1957 оны 10 сарын 4-ны баасан гаригийн 10:28:34-нд Р-7 тээвэрлэгч пуужин бүхий Спутник-1 хиймэл дагуул хөөрчээ. Анхны "бийп бийп бийп" гэж дуугарах дохиог Камчаткийн хүлээн авах станц хүлээн авсан бөгөөд нислэгээс хойш 95 минутын дараа хиймэл дагуул нислэгийн талбай дээгүүр өнгөрч тэр л үед Королёв болон түүний багийнхан дохиог хүлээн авч баяраа тэмдэглэсэн юм.


Juno-1 пуужин


Зөвлөлтийн энэ амжилт АНУ-ын ард олон болон ерөнхийлөгч Айзенхауверыг цочролд оруулсан бөгөөд тэрээр Vanguard төслийн нислэгийг түргэтгэсэн байна. 1957 оны 12 сарын 6-нд анх телевизийн нэвтрүүлгээр нислэг гарч анхны "count-down" буюу "Нислэг эхлэх цагийг тоолох"-ын эхлэл тавигдсан юм. Гэсэн хэдий ч нислэгийн дараа хэдэн секундын дотор пуужин дэлбэрч туршилт амжилтгүй болжээ. Энэ бүтэлгүйтэл АНУ-ын хувьд маш том цохилт болж олон улсад онигоо болжээ. Сонингийн нүүрэн дээр энэ бүтэлгүйтлийг "Flopnik", "Stayputnik", "Kaputnik" мөн "Dudnik" гэж шоглож гарах болов. Харин энэ нь Вон Брауны Redstone багийн туршилтанд ногоон гэрэл өгч түүнд шинэ боломж болсон бий болгосон юм.





Ингээд Спутникын нислэгээс 4 сарын дараа Вон Брауны Redstone цэргийн нэртэй пуужинг цэргийн бус Juno-1 нэртэй болгон Explorer-1 хиймэл дагуулыг амжилттайгаар хөөргөжээ. Ингээд Explorer-1 АНУ-ын анхны хиймэл дагуул болсон юм. Explorer-1 Флорида дахь Cape Kennedy-гээс 1958 оны нэгдүгээр сарын 31-нд хөөрчээ.




1960-аад оны өрсөлдөөн (сансарт ниссэн анхны хүн)



Юрий Гагарин
1959 он гэхэд Америкын ажиглагчид эхэлж ЗХУ сансарт хүнийг хөөргөнө гэдэгтэй санал нийлж байлаа. Учир нь Mercury төслийг бэлдэхэд цаг хугацаа хэрэгтэй байжээ. Ингээд Юрий Гагарин сансарт хөөрөх анхны сансрын нисгэгч (космонавт) болж 1961 оны 4 сарын 12-нд Восток-1 хөлгөөр хөөрчээ. Тухайн үеийн нислэг нь автоматаар удирдагдаж байсан хэдий ч тэрээр нь гар удирдлаганд хөлгийг авах боломжтой байв. Тухайн үед жингүйдэлийн үед хүний биед ямар өөрчлөлт гардаг талаар мэдээлэл анагаахын шинжлэх ухаанд байгаагүй юм. Восток-1 108 минутын турш дэлхийг тойрон эргэн аялж газардсан байна. Энэхүү амжилт дэлхий дахиныг шуугиулж чадсан бөгөөд энэ мөн ЗХУ өөрсдийн технологийн илүү байдлаа АНУ-д харуулсан бас нэгэн амжилттай үйл явдал болсон.


Восток-1 нислэг



Аялалын зам






Джон Гленн
АНУ өөрсдийн сансрын нисгэгчдээ астронавт гэж нэрлэдэг бөгөөд Восток-1-ын нислэгээс 3 долоо хоногийн дараа буюу 1961 оны 5 сарын 5-нд Freedom 7 сансрын хөлгөөр Алан Шепардыг хөөргөсөн боловч энэ нь Восток-1-ын хүрсэн өндөрт хүрээгүй бөгөөд дэлхийг тойроогүй юм.
Friendship-7

Анх хүн сансарт ниссэнээс хойш бараг жилийн дараа 1962 оны 2 сарын 20-нд Джон Гленн нь сансарт нисч дэлхийг тойрсон анхны Америк сансрын нисгэгч (астронавт) болсон бөгөөд тэрээр Friendship-7 сансрын хөлөгтэй нисчээ.




Кеннеди Сарны уралдааныг эхлүүлэв

1962 оны 9 сарын 12-нд АНУ ерөнхийлөгч Джон Ф Кеннеди "We choose the moon" илтгэл тавьсан нь түүний Apollo төслийг бүрэн дэмжиж байгаагийн илрэл болсон бөгөөд энэ нь саранд хүрэх уралдааныг эхлүүлсэн юм.


1962 оны 9 сарын 20-нд тэрээр НҮБ-ын ерөнхий ассамблейд АНУ болон ЗХУ саранд хүрэхийн тулд хамтран ажиллаж хүрэх хэрэгтэй гэсэн санал дэвшүүлсэн байна. Харин Никита Хрущёв анх саналыг хүлээн аваагүй ч хэдэн долоо хоногийн дараа түүний саналыг хүлээн авахаар шийдэж хүлээн авч байгаагаа мэдэгдэх гэж байсан боловч 1963 оны 11 сард Кеннеди алуулсан бөгөөд үүнээс болж АНУ ЗХУ улсуудын нэгдсэн сарны програм хэзээ ч биелэлээ олоогүй юм.

Восток болон Восход төслүүд

Восток 3 4 эмблем
Анхны амжилтуудынхаа дараа ЗХУ улс мөн дараагийн хэд хэдэн зүйлд анхных нь мөн болж чадсан юм. 1962 оны 8 сард анхны давхар нислэг хийгдсэн байна. Восток-3 болон Восток-4 хоорондоо 6.5 км-ын зайтай ниссэн бөгөөд энэ нь 2 хөлөг холбоо барих боломж олгож байсан юм.

Валентина Терешкова
Дараагийн амжилт бол анхны эмэгтэй хүнийг (мөн анхны цэргийн бус иргэн) сансарт хөөргөсөн байна. 1963 оны 6 сарын 16-нд Восток-6 хөлгөөр Валентина Терешкова сансарт хөөрсөн байна. Гэвч эмэгтэйг хүнийг нисгэх нь зөвхөн суртал ухуулгын л хэрэгцээнээс л болсон гэх яриа байдаг. Ингээд 1980 он хүртэл дахин эмэгтэйг хүнийг сансарт нисгээгүй байна.

Союз сансрын хөлөг
Харин Королёвын давж гарах дараагийн шалгуур нь Америкийн Gemini төсөл байв. Gemini төсөл нь олон сансрын нисгэгчийг нэг нислэгээр хамт нисгэх боломжийг нээх төсөл байсан бөгөөд Королёвын олон нисгэгчтэй хөлгийн төсөл нь Союз сансрын хөлгийн төсөл байв. Гэсэн хэдий ч Союз хөлгийг бэлдэхэд цаг хугацаа их шаардлагатай байсан бөгөөд дээд удирдлагаас одоо байгаа Восток төслөө сайжруулж америкчуудаас өмнө олон сансрын нисгэгчтэй нислэг хийхийг шаардаж байв.

Тиймээс тэрээр Восток хөлөгт өөрчлөлт шинэчлэлт хийж хөлөгт олон сансрын нисгэгч сууж нисэх боломжтой болгожээ. Ингээд л дахин Королёвын хичээл зүтгэл ЗХУ бас дараагийн анхны олон сансрын нисгэгчтэй хөлгийг нисгэсэн улс болгов.

Восток, Восход 1, Восход 2 хөлгүүдийн дотоод зохион байгуулалт

Восход-1 1964 оны 10 сарын 12-нд нислэгээ хийсэн бөгөөд энэ нь олон сансрын нисгэгчтэй анхны нислэг болсон юм.

Алексей Леонов
Эдгээр үйл явдлын дараа нь Восход-2 Сергей Королёвын амьдралын эцсийн том амжилт нь болсон юм. 1965 оны 3 сарын 18 буюу Америкийн Gemini төслийн анхны нислэгээс долоо хоногийн дараа Восход-2 сансрын нисгэгч Павел Беляев болон Алексей Леонов нарыг сансарт хөөргөсөн. Ингээд Алексей Леонов задгай сансарт ("Space Walk") гарсан анхны хүн болжээ. Задгай сансарт гарч хөлөгтөө буцаж орох гэтэл түүний өмсгөл тэлсэн байсан тул хөлөгтөө буцаж орж чадахгүй болсон асуудал тулгарч байжээ. Гэсэн хэдий ч сансрын нисгэгчдийн мэргэжлийн ур чадварын ачаар хөлөгтөө буцан орж чадсан байна. 



Gemini Төсөл

Gemini 12-ын нислэг
Саранд хүрэх зорилгоо урдаа тавьсан Америкчууд 1962 оны 1 сард Gemini төслөө танилцуулсан байна. Энэ нь 2 сансрын нисгэгчтэй хөлөг бөгөөд саранд очоод буцаад ирэх хугацааны турш ажиллах байдлаар төлөвлөгдөж байв. Gemini төсөл хэдийгээр Восходоос хоцорсон хэдий америкчуудын хувьд зөвлөлтийн эрдэмтдийн араас нэхэх том түлхэц болсон юм. 

1965 оны 3 сард Gemini 3 Виржил Гриссом болон Джон Еонг гэсэн нисгэгчидтэйгээр хөлгийн тойрог замаа өөрчлөх чадварыг амжилттай туршжээ.

1965 оны 8 сард Gemini 5 Гордон Күпер болон Чарлс Конрад гэсэн нисгэгчидтэйгээр сансарт 8 өдрийн турш байжээ. Энэ нь саранд хүрч буцаж ирэх хугацаа байв.

1965 оны 12 сард Gemini 6A Gemini 7 хөлөгтэй нэг тойрог замд орж хоорондоо нийлэх боломжтой хүртэл зайнд хүрсэн байна.
Эдвин Алдрин задгай сансарт

Мөн Gemini 7 дотор сансрын нисгэгчид 14 хоногийн турш байж шинэ рекорд байгуулсан байна.

1966 оны 3 сард Gemini 8 Agena Target Vehicle-тэй сансарт нийлж холбогдсон байна.

1966 оны 11 сард Gemini 12-ын сансрын нисгэгч Эдвин Алдрин 5 цагийн турш задгай сансарт ажилласан байна.


Gemini төслийн үед Apollo сарны төслийн ирээдүйн нисгэгчдийг бэлдэж байв.


Зөвлөлтийн саран дээр буух төсөл

Зөвлөлтийн саран дээр буух хөлөг бол Лунный Корабль буюу Сарны Хөлөг байв. Харин энэхүү хөлөгийг саранд аваачих тээвэрлэгч пуужин бол гучин тийрэлтэт хөдөлгүүр бүхий Н-1 пуужин байв.


Лунный Корабль
Лунный Корабль сарнаас буцаж нисэх байдал



Н-1 пуужин нь Америкийн Saturn пуужинтэй хэмжээний хувьд бараг адил байсан бөгөөд нисэх үеийн тийрэлтийн хүч нь 28%-аар илүү байсан байна. Гэсэн хэдий ч туршилтын 4 нислэг амжилтгүй болж ЗХУ сарны төслөө 1970 он гэхэд зогсоов.


Н-1 бүтэц
Н-1 пуужин


Мөн энэ үед Зөвлөлтийн сансрын төслийн эцэг нь болсон Сергей Королёв нас барсан байсан тул бүтэлгүйтлийн нэгэн том шалтгаан болж өгсөн.


Apollo 11

Saturn төрлийн пуужингууд


Apollo 11-ын баг
1969 он гэхэд хоёр улс саранд хүрэх олон амжилттай амжилтгүй туршилт хийсэн байсан бөгөөд 1969 оны Н-1 тээвэрлэгч пуужингийн дараалсан бүтэлгүйтлүүд ЗХУ-ын саранд хүрэх төслийг хаасан.


Apollo 11 хөөрөлт
Харин 1969 онд Apollo 11 саранд хүрэх бэлтгээ хангаж байв. Үүнээс өмнө Apollo 8 саран дээр газардахгүйгээр сарны тойрог замд ажилттайгаар орсон байна.

Ингээд 3 сансрын нисгэгчтэй Apollo 11-ын баг 1969 оны 7 сарын 16-нд Saturn V тээвэрлэгч пуужингийн тусламжтайгаар сарыг зорив. Багт Нейл Армстонг, Эдвин Алдвин, Майкел Коллинс нар байсан бөгөөд саран дээр амжилттай газардсан байна.


Саран дээр
Номхон далайд буусан нь
Дэлхийд 1969 оны 7 сарын 24-нд буцаж ирсэн бөгөөд Apollo 11-гийн амжилт нь дараа дараагийн Apollo 12, 13, 14, 15, 16, 17 ажиллагаануудын эхлэл нь болсон юм.



Энэ бүхний дараа АНУ болон ЗХУ сансрын төслүүдын анхаарал сансрын станц дээр илүү төвлөрч эхлэв. АНУ Skylab харин ЗХУ Салют сансрын станц дээр өөр өөрсдийн анхаарлаа төвлөрүүлж ажилласан бөгөөд хоёр улс хамтарсан Apollo-Soyuz хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна.


Apollo Союз хөлгүүд


Apollo-Soyuz-ын баг
Энэ нь хоёр улс үл ойлголцох байдлаа хойш нь тавиж хамтран ажлах чадвартай гэдгээ харуулсан төсөл байв. Энэхүү төслөөр хоёр улсын сансрын станцууд хооронд нийлэх ёстой байв. Энэ нь тухайн үедээ асуудалтай байсан бөгөөд хоёр улсын сансрын хөлөгийн агаарын даралтын хэмжээ өөр өөр байдаг байсан мөн бусад холбогдох хэсэг зэрэг техникийн олон асуудалтай байв. Гэсэн хэдий ч хоёр улсын зохион бүтээгчид энэ бүгдийн ард гарч 1975 оны 7 сарын 15-ны 12:20 минутанд Союз 19 зургаан цагийн дараа Apollo хөлөг холбогдох хэсгийн хамт хөөрсөн байна. Ингээд 7 сарын 17-ны 16:19 минутанд хоёр хөлөг нийлсэн байна.



1977 онд Вернер Вон Браун нойр булчирхайн хавдрын улмаас нас баржээ.

Үүний дараа АНУ-ын Shuttle-ын програм эхэлсэн юм. Харин ЗХУ мөн Shuttle-тай төстэй Буран төсөл дээр ажиллаж эхэлсэн ч Бураныг нэг л удаа ашигласан бөгөөд цаашдын ажил зогссон байна. Харин Салют сансрын станцын төслийн дагуу "Мир" сансрын станцыг байгуулсан байна.


Space Shuttle
Буран
Мир болон Shuttle-ын холболт
Харин 1991 болох үед ЗХУ улс задран унав. Ингээд дараа нь АНУ болон ОХУ Shuttle-Mir програм болон Олон Улсын Сансрын станцын ажил дээр хамтран ажиллаж эхлэв. Ийнхүү хоёр гүрний өрсөлдөөн дуусч хамтын үйл ажиллагааны цаг эхэлжээ.
Олон улсын сансрын станц

Эх сурвалж: wikipedia.org, youtube.com

Холбоотой нийтлэлүүд:
"Буран"-ны Анхны Бөгөөд Эцсийн Төсөл
Зөвлөлтийн Сарны Төслийн Хувь Заяа

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer