Нисдэг Тэрэг

2/05/2014

Орчин үед нисдэг тэрэг маш олон зориулалтаар ашиглагдаж байгаа. Машин техник очих боломжгүй тийм л газруудад нисдэг тэргийг ашиглах нь олонтой тохиолддог.

Анхны бүрэн ажиллагаат нисдэг тэргийг Германы “Focke-Wulf Fw 61” гэж үздэг.

Focke-Wulf Fw 61 нисдэг тэрэг

Нисдэг тэрэг хурд хүчээр онгоцноос бага хэдий ч босоо чиглэлд хөөрч агаарт нэг байрлалдаа байх чадвараар илүү бөгөөд энэ нь маш олон зориулалтаар ашиглах боломжийг олгодог.

Тиймээс ч нисдэг тэргийг хүн болон ачаа тээврийн, цэргийн, барилгын, галтай тэмцэхэд, хайгуул болон аврах ажиллагаанд, эмнэлэгийн тусламж яаралтай хүргэх, аялал жуулчлал, агаараас ажиглалт хийх зэрэг олон зориулалтаар ашиглах боломжтой юм.

Ми-26 тээврийн нисдэг тэрэг онгоц зөөж байгаа нь

Нисдэг тэргүүдийг хэмжээгээр харьцуулахад
Нисдэг тэргүүдийн ихэнх нь гол болон сүүлний сэнстэй байдаг бөгөөд гол сэнс маш хурдтай эргэлдэхэд  газраас хөөрөх боломжтой болгодог байна. Мөн гол сэнс эргэлдэхэд нисдэг тэрэг хөөрөх мөн нисдэг тэргийг бүх биеээр эргүүлж эхэлдэг байна. Энэхүү эргэлтийг арилгахын тулд нисдэг тэргүүд сүүлний хэсгийн сэнс ашигладаг бөгөөд үүний тусламжтайгаар тогтворждог юм.

Гэсэн хэдий ч бүх нисдэг тэргүүд гол болон сүүлний сэнстэй байдаггүй бөгөөд зарим нисдэг тэрэг давхарч сэнстэй байдаг. Энэ тохиолдолд эргэлтийг арилгахын тулд хоёр сэнс нь эсрэг зүгрүү эргэдэг байна.



Харин нисдэг тэргийг хөдөлгөхийн тулд нисгэгчид сэнсийг удирдах хэрэгтэй юм. Нисдэг тэрэгний сэнсний бүтэц болон сэнсийг удирдах хэсэг нь маш нарийн технологитой байдаг юм. Нисгэгч хүссэн чиглэлдээ нисэхийн тулд сэнсний өнцгийг өөрчилж агаарын урсгалыг зохицуулснаар нисдэг тэргийг хүссэн чиглэлрүү нисгэдэг байна.

Apache AH-64 нисдэг тэргийн сэнсний холболтын хэсэг

Ка-52 нисдэг тэргийн сэнс холбогдох хэсэг
Тиймээс ч нисдэг тэрэг бол онгоцтой харьцуулахад илүү нарийн технологитой байдаг.
Нисдэг тэрэг нь мөн л цэргийн зориулалтаар маш өргөн ашиглагддаг бөгөөд анхандаа тээвэр болон шархадсан цэргүүдийг тулааны талбараас авч эмнэлэгт хүргэдэг байжээ. 1945 онд АНУ цэргийн эмнэлэгийн “Mobile army surgical hospital” буюу “MASH” хэсгийг байгуулсан бөгөөд Солонгосын дайны үеээс эхлэн дараа дараагийн тулаанд үүрэг гүйцэтгэх болсон байна. Ийнхүү Солонгосын дайны үед “MASH”-ын багийнхан “Bell 47” нисдэг тэрэг ашиглан хүрэхэд хэцүү газруудаас шархадсан цэргүүдийг тээвэрлэж байжээ.

Bell 47 нисдэг тэрэг

Шархадсан цэргийн эмнэлэгт хүргэж өгөх явц


Мөн “Bell 47” нисдэг тэрэг нь иргэний хэрэглээний нисдэг тэргийн сертификатыг 1946 оны 3 сарын 8-нд авч байсан бөгөөд энэхүү сертификатыг авсан анхны нисдэг тэрэг болсон юм.

Харин Вьетнамын Дайн нь нисдэг тэргийг маш олноор ашигласан анхны дайн болсон бөгөөд АНУ алдарт “UH-1” төрлийн нисдэг тэргүүдийг маш олноор ашиглажээ. Анхны нэр нь HU-1 байсан бөгөөд үүнээс нь болж энэхүү нисдэг тэрэг “Huey” албан бус нэртэй болжээ. Вьетнамын дайны үед 7000 гарүй “Huey” ашиглагдсан байна.

UH-1 "Huey" нисдэг тэрэг

Цэргүүдийг буулгах явц

"Huey" бол Америкын хамгийн алдартай нисдэг тэргүүдийн нэг юм


Мөн энэ үеээс эхлэн тулааны нисдэг тэргүүд үүсч эхэлсэн бөгөөд эдгээр нисдэг тэргүүд нь ямар нэгэн тээвэрлэлт хийхгүй зөвхөн дайсны зэвсэгт техник болон газрын хүчиндээ тусламж үзүүлэх байдлаар ашиглагддаг байна.

Apache AH-64 тулааны нисдэг тэрэг

Ми-28 тулааны нисдэг тэрэг

Ka-52 тулааны нисдэг тэрэг

Дайны бус хамгийн их нисдэг тэрэгний хэрэглээ нь Чернобелийн атомын цахилгаан станцад болсон аваарын үед болсон бөгөөд цацраг идэвхтэй нөхцөлд олон нисгэгчид хэдэн сарын турш гамшигтай тэмцэн ажилласан байна. Нисдэг тэргийг агаараас ажиглалт хийх, агаарын радиацыг хэмжих, агаарт байгаа химийн элементүүдийг хэмжих, зураг бичлэг хийх, агаарын дулаан хэмжих, хүн болон бараа зөөх, хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, эвдрэлтэй реакторыг хаах, өндөр радиацтай бүсэд тусгай бодис цацах, хаалттай хэсгийн хамгаалалт хийх, аваараас болж үүссэн радиацын газрын зургийг гаргах зэрэг олон үүрэгтэйгээр ашиглаж байжээ.

Ми-26 тээврийн нисдэг тэрэг тусгай шингэн асгах явц

Аваарын дараах байдал
Аваарын үед Ми-26 нисдэг тэргийг ашиглаж байсан бөгөөд энэ нь олноор үйлдвэрлэгдсэн хамгийн том нисдэг тэрэг юм



Тиймээс ч дайн байлдаан, аваар ослын үеэс эхлэн энх тайвны үед ч гэсэн нисдэг тэрэгний үүрэг маш олон байдаг.

Токио хотын гал командын түргэний нисдэг тэрэг

Шархадсан цэрэгт анхны тусламж үзүүлж эмнэлэгт хүргэж өгөхөөр явж байгаа нь
Эргийн хамгаалалтынханы аврах ажиллагааны үед


Нисдэг тэрэгний сэнс эргэх хурд болон бичлэг хийж байгаа камераны тохиргоо таарсан үед нэгэн сонирхолтой зүйл болдог байна.



Нисдэг тэрэг бол хүн төрөлхтний бүтээсэн гайхалтай бүтээлүүдийн нэг яах аргагүй мөн юм.

Эх сурвалж: decodedscience.com, wikipedia.org, youtube.com

1 comments:

  1. Манай нисэхийнхэн хэлэхдээ Сэнсэн далавчит нисэх төхөөрөмж гээд байдаг даа.Нисдэг тэрэг,вертолет.

    ReplyDelete

 
Toggle Footer