Халлыгийн Сүүлт Од

4/04/2014

"Halley's Comet" буюу Халлыгийн сүүлт од бол хамгийн алдартай сүүлт од юм. Бусад сүүлт одноос онцгойрох нэг онцлог нь 75 жил бүр дэлхийтэй ойрхон явж өнгөрдөг байна. Тиймээс ч зарим хүмүүс амьдралынхаа турш хоёр ч удаа харах боломжтой байдаг. Хамгийн сүүлд 1986 онд дэлхийн ойролцоо нисч өнгөрсөн бөгөөд 2061 онд дараагийн удаа дэлхийн хажуугаар нисч өнгөрөх юм байна.

Энэхүү сүүлт одыг английн одон орон судлаач "Эдмонд Халлы"-гийн нэрээр нэрлэсэн байна. Тэрээр сүүлт одыг судлахдаа өнгөрсөн хэдэн зуун жилийн турш хүмүүсийн харж тэмдэглэсэн сүүлт одуудын талаар эхэлж судалсан бөгөөд явж өнгөрсөн замыг мөн судалсан байна. Ингээд тэрээр 1531, 1607 болон 1682 онд ажиглагдсан сүүлт од нь нэгэн чиглэлийн дагуу явж өнгөрснийг мэдсэн байна. Тэрээр энэ нь олон сүүлт од биш харин нэг сүүлт од дахин дахин тойрч ирж байна гэж үзсэн бөгөөд дараагийн удаа энэ сүүлт од нь 1758 онд дахин ажиглагдах болно гэж тооцоолжээ.

Гэвч тэрээр сүүлт одыг харахаасаа өмнө нас барсан байна. Гэсэн хэдий ч түүний тооцолсон цагт сүүлт од дахин ажиглагдсан бөгөөд энэ нь зарим сүүлт од нарыг тойрон эргэдгийг баталсан байна.

1986 он гэхэд техник технологи хөгжиж Халлыгийн сүүлт одын юу юунаас бүрдэж байгаа болон хүчтэй телескопуудын тусламжтайгаар ажиглалтуудыг хийжээ.

Халлыгийн сүүлт одыг хамгийн анх МЭӨ 239 онд хятадын одон орончид харж тэмдэглэсэн байдаг бөгөөд үүнээс хойш МЭӨ 164 болон 87 оны эртний Вавилоны тэмдэглэлд энэхүү сүүлт одын талаар тэмдэглэл хадгалагдан үлдсэн байдаг. 1066 онд сүүлт од дахин дэлхийн хажуугаар өнгөрөхөд англируу байлдан дагуулагч Виллиам довтлох гэж байсан ба сүүлт од гарч ирэхэд тэрээр энэ нь түүний байлдан дагуулал амжилттай болно гэсэн дохиогоор хүлээж авсан гэдэг.


Гэвч эрт дээр үеийн соёл иргэншлүүд ихэнхдээ сүүлт одыг ямар нэг муу зүйл болох гэж байгаа дохио байдлаар хүлээж авдаг байжээ. Ихэнхдээ сүүлт од удахгүй болох дайн байлдаан, өвчин зовлон болон тахал, өлсгөлөн зэрэг зүйлсийг хэлдэг гэж ойлгодог байв.


Мөн эрт дээр үед одон орон судлаачид өөрийн шинэ санаагаа чөлөөтэй илэрхийлэх боломжгүй байсан учир нь тэдний гаргасан санаа нь шашны номлолтой байнга зөрчилдөж байдаг байв. Тиймээс чөлөөт сэтгэлгээтэй байх боломж тун хомс байсан бөгөөд орчлон ертөнцийн талаар шинэ санаа гаргасан судлаачдыг шийтгэж, хорьдог байв.


Он цаг өнгөрсөөр энэ хязгаарлагдмал байдал улам багассаар сүүлд 1705 онд Эдмонд Халлы өөрийн "A Synopsis of the Astronomy of Comets"-ыг өөрийн судалгаа шинжилгээний үндсэн дээр гаргасан бөгөөд 1758 онд 1531, 1607, 1682 онд ажиглагдсан сүүлт од дахин дэлхий хажуугаар өнгөрнө гэдгийг бичиж үлдээжээ.

Эх сурвалж: space.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer