Өдөр бүрийн хэрэглээ болсон интернэтийг ашиглахад энгийн амархан хэдий ч энэ бүхний цаана маш олон техник технологи байдаг. Бид өмнөх нийтлэлээрээ "hub" болон "switch"-ын талаар ярьсан билээ. Харин сүлжээ бүрийн ард байдаг бас нэгэн чухал зүйлийг маш энгийн байдлаар сонирхоё.
"DNS" буюу "Domain Name System". Та ямар ч мэргэжилтэй юу ч хийдэг байсан бай интернэт ашиглаж байсан л бол "IP" хаягтай адил "DNS" ашиглаж л байдаг.
"DNS"-ыг юу хийдгийг ойлгохын тулд хамгийн эхэнд "Domain Name" гэж юу болох талаар мэдэх хэрэгтэй.
Хүн тооны дараалал цээжлэхээс илүү утга учир бүхий үг цээжлэх нь илүү амар байдаг тиймээс ч "domain name" гэх ойлголт бий болсон.
Үүнийг ойлгохын тулд утасныхаа контактыг хэрхэн ашигладгийг нэг санаад үзэхэд л хангалттай юм. Хүний утсан дээр маш олон хүний утасны дугаар хадгалагдсан байж болно. Тиймээс утасны дугаарыг "IP" хаяг, харин контактын нэрийг "Domain name" гэж ойлгоход болно. Хэрвээ та утсан дээрээ хэн нэгний утасны дугаарыг тэмдэглэсэн бол дахин утасны дугаарыг нь хийх шаардлагагүйгээр оруулсан нэрээр нь хайгаад л амархан залгах боломжтой болдог.
Тиймээс ч хүн бүрийн утасны дугаарыг цээжлэх шаардлагагүй болно гэсэн үг. Үүнтэй адил "domain name" цахим хуудасны "IP" хаягийн нэр болж байна гэсэн үг юм. Утсаар дуудлага хийхийн тулд та нэрийг сонгоод залгах боломжтой ч цаанаа нэрлүү биш тухайн дугаарлуу залгадагтай адил хэрвээ та "google.com" гэж орж байгаа бол "google.com" гэдэг домайн нэрний ард байгаа "IP" хаягруу хандаж байна гэсэн үг юм. Харин тухайн "IP" хаяг нь "google"-ын хайлтын систем ажиллаж байгаа сервер компьютерын хаяг нь байна гэсэн үг.
"DNS" буюу "Domain Name System эсвэл (Service / Server)" нь энэ бүх хувиргалтын хийдэг байна. Тиймээс ч "DNS" дээр маш их мэдээлэл байдаг бөгөөд хэрэглэгчийн хүсэлтийн дагуу шаардлагатай "IP" хаягийн мэдээллийг өгдөг байна. "DNS" нь өөрийн гэсэн тусдаа сервер дээр ажилладаг учраас хэрэглэгчийн төхөөрөмж бүр өөр дээрээ "IP" хаяг болон "domain name"-ны талаар маш том мэдээллийн сантай байх шаардлагагүй юм.
Интернэт бол маш том компьютерын сүлжээ учраас тухайн "DNS" сервер бүр дээр бүх мэдээлэл байх боломжгүй. Тиймээс ч "DNS" серверүүд нь байнга хамтарч ажилладаг байна. Энэ хамтийн ажиллагааг доорх зураг дээрээс тайлбарлая.
Нэгэн хэрэглэгч "www.example.com" цахим хуудасруу орох хэрэгтэй болов.
1. Энэ тохиолдолд эхэлж эхний түвшиний "DNS" серверээс хэрэглэгчийн компьютер "www.example.com"-ын "IP" хаягийг асуух болно.
2. "DNS" дээр энэхүү мэдээлэл байхгүй тул дахин дараагийн түвшиний "DNS" серверээс асуух болно.
3. Хоёрдахь "DNS" дээр энэ домайны "IP" хаяг байгаа бол эхний "DNS"-руу мэдээллээ өгнө.
4. Эхний "DNS" тухайн мэдээллийг өөрийн сандаа нэмээд мөн хэрэглэгчрүү өгнө.
5. Хэрэглэгч "DNS"-ээс "www.example.com"-той холболт үүсгэх шаардлагатай мэдээлэлтэй болж
6. Хэрэглэгчийн компьютер "www.example.com"-той холболт хийнэ.
Харин дараагийн удаа хэрэглэгч "www.example.com"-той холболт хийх хэрэгтэй болоход эхний "DNS" шаардлагатай мэдээллийг шууд өгөх боломжтой болно. Учир нь өмнө хоёрдахь "DNS"-ээс авсан мэдээллээ өөр дээрээ хадгалсан байх болно.
Энэхүү нийтлэлээс "DNS" гэж юу болох мөн ямар үүрэгтэй талаарх анхны мэдлэг авсан гэж найдаж байна.
bayrlalaa
ReplyDeleteUneheer ih bayarlalaa. Neg l oilgohgui bsan yu. Buh hariultaa avch chadlaa.
ReplyDeletemash oilgomjtoi goy yrijeee. Amjilt GOd bless you.
ReplyDeleteBEst
ReplyDelete