Battlefield 4 Сэтгэгдэл

11/23/2013

Энэ жил олон тоглоомчдын хүлээж байсан тоглоом бол яах аргагүй Battlefield 4 юм. Энэхүү тоглоом худалдаанд гараад олон тоглоомын цахим хуудсууд болон сэтгүүлүүдээс өндөр үнэлгээ авсан. Гэсэн хэдий ч орчин үед шинэ тоглоомуудад бас олон асуудлууд тулгардаг.



Ингээд тоглоомын талаар сонирхоё. Сүүлийн үед гарсан FPS (First Person Shooter) тоглоомуудын түүх шууд үргэлжилсэн биш болсон. Олон дүрээр өөр өөр цагт явдаг ерөнхий хандлага бий болсон ч Battlefield 4-ын өгүүлэх үйл явдал үргэлжилсэн хэлбэртэй юм. Мөн тоглогч "Recker" гэсэн нэгэн дүрээр багийн ахлагч болон тоглох болно. Хэрвээ та Battlefield 3-ын компанит ажил тоглож байсан бол багийн гишүүддээ тушаал өгдөггүй байсныг мэдэх байх. Харин Battlefield 4 дээр та багийн гишүүд болон бусад нэмэлт хүчдээ байг тодорхойлж өгөх боломжтой болсон юм. Энэ нь багаа бүрэн удирдахгүй ч таньд бага зэргийн удирдлагын боломж олгоно. 



Ингээд тоглогчийн багт тоглогчоос гадна 3 хүн байх "Tombstone" буюу Булшны Чулуу баг бөгөөд гол үйл явдал тэднийг тойрон өрнөх болно. Тоглоомын турш гайхалтай графикын эффект бүхий сэтгэл хөдөлгөсөн үйл явдлууд болно. Гэхдээ харамсалтай энэ бүхэнд мөн бас нэгэн асуудал бий. Battlefield 3 өмнө нь маш богино тоглоом мэт санагдаж байсан бол Battlefield 4 түүнээс ч богино. 20GB хэмжээтэй тоглоомын хувьд хэтэрхий богино тоглоом мэт санагдана.

Хэрвээ та multiplayer-ын танилцуулгыг үзвэл тоглоомд маш их потенциал байгааг харж болно. Тоглогч маш олон төрлийн буу зэвсэг, машин техник, танк, онгоц, нисдэг тэрэг, завь гэх мэт олон зүйл ашиглаж байгааг харж болно. Мөн түүнээс гадна бүтээгчдийн нэрлэж байгаа "Levolution" буюу гадаад орчны эвдрэл нь тоглоомд нөлөөлөх боломж бололцоо.



Гэвч энэ бүхнээс зөвхөн цөөн хэдийг л кампанит ажил дээр харна. Харин тоглоомын нэгэн хэсэгт жижиг усан онгоц жолоодон тулалдах хэсэг гарах бөгөөд энэ тоглоомын хамгийн зугаатай хэсгүүдийн нэг юм. Энэ үеийн далайн давалгаатай хэсэг сайн хийгдсэн бөгөөд энэ үед тоглогч усан онгоцыг бүтнээр нь удирдах болно.

Харин бусад тоглоомуудаас ялгардаг хэсэг бол яах аргагүй график дүрслэл юм. Хэрвээ кампанит ажлыг маш өндөр сэтгэгдэлтэй дуусгахыг хүсэж байгаа бол дундаж болон түүнээс дээш графикийн үзүүлэлт дээр тоглох явдал юм. Хэрвээ бидний өмнөх нийтлэл дээрх аргыг ашиглаж тогловол тийм ч өндөр сэтгэгдэл үлдэхгүй л болов уу.

Компьютерээс болон тоглогчоос хамаарахгүй бас асуудлууд бол тоглоом тоглож байх дунд эвдрэл гарах явдал юм. Кампанит ажлыг явах үед нилээд олон удаа энэ асуудал үүссэн бөгөөд интэрнэтээр ийм асуудлууд үүсч байна гэсэн олон хүний гомдол гараад байгаа. Түүнээс гадна бас нэг үүссэн асуудал бол тоглоомын хадгалсан файл нэг удаа эвдэрсэн бөгөөд кампанит ажлын дунд хавьцаа явж байхад энэ зүйл болсон явдал юм. Тиймээс ч тоглоомыг дуусгахын тулд дахин шинээр тоглох хэрэг гарсан бөгөөд энэ нь маш том асуудал болсон юм. Ийм учраас save file-ыг хадгалж нөөцлөх арга хэмжээ авч байх хэрэгтэй. Магадгүй тоглоомын patch гарч эдгээр асуудал шийдэгдэх биз.

Тоглоомын үйл явдлыг мэдэхийг хүсэхгүй байгаа бол үүнээс доош битгий уншаарай.

Харин одоо тоглоомд байгаа цөөн хэдэн асуудлыг сонирхоё.

Тоглогч "Recker" гэсэн дүрээр тоглох бөгөөд харамсалтай та өөрийн тоглож байгаа дүрээс нэг ч үг сонсохгүй юм. Орчин үед тоглоомын гол дүрүүд хэлтэй болж байгаа хэдий ч "Recker" амнаасаа унагахгүйгээр тоглоом дуусах болно.

Дараагийн сэтгэл гонсойлгосон асуудал бол тоглоомын сүүлд гарах сонголт юм. Тоглогч багийнхаа нэгийг үхлийн даалгаварт сонгох хэрэгтэй болох бөгөөд тоглогчид өөрөө явах боломж гарахгүй юм. Уг нь багийн ахлагчийн хувьд түүний үүрэгт багийнхны амь нас байдаг хэдий ч тоглоом зохиогчид хамгийн хариуцлагатай хэсэгт өөрийгөө сонгож багийн гишүүнээ аврах баатар үйлс хийх боломж олгоогүй юм.

Дараагийн асуудал бол өмнө хэлж байсан тоглоомын боломж бололцоог бүтэн ашиглаагүй явдал юм. Жишээ нь тоглогчид сөнөөгч онгоц, эсвэл нисдэг тэрэг удирдан тулалдах боломж гарахгүй. 

Дүгнээд хэлэхэд энэхүү тоглоомын хамгийн гол хэсэг бол multiplayer нь юм. Кампанит ажил нь муугүй ч хэтэрхий богино. Магадгүй илүү урт байсан бол олон төрлийн байдлаар тоглох боломжтой байх байсан биз.

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer