2030 онд Ямар Технологийн Дэвшил Биднийг Хүлээж Байна?

2/28/2014


1900-аад оны үед хүмүүс 2000 онд нисдэг машин хөлөглөж, алс зайд байгаа хүмүүс бие биенээ хардаг харилцааны хэрэгсэл ашиглаж, сансарт чөлөөтэй зорчиж, сар, ангараг гарагт суурин барьна гэхчлэн төсөөлдөг байж. Эдгээрийн зарим нь биелэлээ олсон, зарим хараахан биелэлээ олоогүй байгаа ч биелэхэд тун ойрхон ирээд байгааг бид мэднэ.
Хорин жил гэдэг аливаа том дэвшлийн хувьд богино хугацаа боловч сүүлийн үед болж буй технологийн үсрэнгүй хөгжлийг харахад богинодохгүй бололтой. Энд 2030 он гэхэд биелэлээ олох магадлал өндөртэй 10 технологийг танилцуулж байна. Жаахан ч гэсэн ирээдүйгээр хамтдаа аялцгаая.

  1. Хиймэл Оюун Хувийн Туслагч Болно

Үүнийг биелэлээ олоосой гэж би ямар их хүсэж байна гээч. Майкрософт Клипи (Clippy) гэдэг нэртэй офессийн програмын туслагч үүрэгтэй цаасны хавчаар бүтээснийг та санаж байна уу? Гэхдээ уг нөхөр тусалхаасаа илүү уур хүргэдэг байсандаа. Харин тун саяхан Аппел Сири (Siri)-ийг АиФонд гаргасан нь хэрэглэгчдийн яриаг ойлгож тэдэнд интернетэд холбогдон туслах үүрэгтэй бяцхан туслагчийг бүтээсэн. Энэ бол эцэсийн хэрэглэгчдэд хүрээд буй хамгийн боловсронгүй ХО (хиймэл оюун) боловч бидний яриж буй 30 оныхтой харьцуулшгүй өчүүхэн эд.


Бидний хүсэж буй нэгэн бол бидний энгийн хар яриандаа ашиглагдаг үг хэллэгийг төдийгүй, хувийн зан чанарыг ч ойлгодог туслагч юм. Хаанаа ч хэзээ ч 24/7 бидэнтэй хамт байж тусалах ёстой.

Ер нь бол ердийн хүний оюун ухаантай тун адилхан, бид тэдэнтэй харилцан ярилцаж болно. Тэр нөхөр бидний зан төлөв, сонирхол, хүсэл зорилго зэрэг дотнын хүмүүс маань л мэддэг зүйлсийг мэддэг нэгэн байх юм. Шууд хэлэхэд бидний виртуал хуулбар юм. Цаашилбал биднийг интернет ертөнцөд төлөөлөх аватар маягын нэгэн. Бидний өмнөөс ишуудан бичиж, цаг төлөвлөж, ажил хэргийн хуваарийг гаргадаг хувийн туслагч. Мэдээж шийдвэрийг бид гаргах бөгөөд тэд зөвхөн бидний хүсэл сонирхлын дагуу л ажиллах болно. Харин ирээдүйд бид өөрсдийн бодлыг хуулбарлахдаа тун болгоомжтой хандах шаардлага тулгарах байх.

  1. Хаасайгүй үл Үзэгдэх Компьютерууд

Үл үзэгдэх” тооцоолон бодох хэрэгслүүд биелэлээ олоход ойрхон байна. Тэд аль эрт бидний машин, гар утас, тоглоом бүр хөргөгчинд хүртэл орчхоод байна шүү дээ. Орчин үед ахуйн хэрэглээний ихэнх хэрэгслүүд “ухаалаг” болж байгаагаас үүнийг харж болно. Гэхдээ л тэд арай л овортой байна. Тэр компьютерууд алганд багтах хэмжээний жижиг болсон ч овортой хэвээр л байна. Ядаж л мэдээлэл оруулахдаа кейбоард ашигладаг шүү дээ.


Эдгээр хэрэгслүүд нь нано технологийн ачаар хэмжээ нь асар ихээр багасах болно. Мэдээлэл боловсруулах хэрэгслүүд нүдэнд харагдахгүй маш өчүүхэн хэмжээтэй болох тэр цагт бид Солонгын Төгсгөлийн ертөнцөд амьдрах болно (Солонгын Төгсгөл – Вернор Винжийн зөгнөлт зориол). Бидний хувцсанд, гоёл чимэглэлд, бүр нүдний линзид маань хүртэл компьютер байх болно. Тэгээд бид дуу хоолойгоор эсвэл мэдрэхүйн аль нэг эрхтнээрээ тэднийг ашиглна. Эсвэл заавал командлах шаардлагагүй тухайн нөхцөл байдалд тохируулан автоматжуулан ашиглаж болно.

2030 он гэхэд биднийг хаа сайгүй компьютер хүрээлэх болно.

  1. Дижитал Оюунтай Виртуал Амьтанд

Хүний оюун ухаатайн дүйцэхүйц оюун бүтээнэ гэдэг хорьдугаар зууны хоёрдугаар хагаст л биелэлээ олох юм шиг байна. Тэгвэл хүнээс арай доогуур оюуныг хуулбарлавал яаж байна? Өнөөдөр ч хялгасан хорхойн оюуныг хуулбарлаж буй Нээлттэй Өт гэдэг төсөл хэрэгжиж байна.


Ирэх хорин жилд бид шоргоолж, зөгий зэрэг организмуудын оюуныг хуулбарлах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Цаашлаад хулгана зэрэг энгийн хөхтөн амьдын уураг тархийг ч хуулбарлах ч юм билүү. Ийм зүйл хийхийн ач холбогдол гэвэл компьютер дотор амьдардаг виртуал амьтан бүтээнэ гэсэн үг. Ийм зүйлийг янз бүрийн шинжлэх ухааны туршилт судалгаанд ашиглах боломжтой болно. Магадгүй 2030 он гэхэд ийм дижитал тархинуудыг робот аватаруудад суулган ашиглаж болно.

  1. Анхны Гео-инженерийн Төслүүд Хэрэгжинэ

Цаг уурын өөрчлөлтөөс үүдэж түүхэнд байгаагүй хүчтэй шуурга, мөсөн далай хайлах, хээрийн түймэр, температурын эрс өөрчлөлт зэрэг сөрөг үзэгдлүүд газар авч байна. Бид хүссэн хүсээгүй гео-инженерийн төслүүдийг ойрын ирээдүйд хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгаа. Энэ талаар эрх мэдэлтнүүд аль эрт яриад эхэлсэн.


Саяхан 25 эрдэмтэн хамтран нүүрсхүчлийн хийг буцаан хувиргах гео-инженерийн төслийн ажилыг эхлүүлсэн тухайгаа зарласан. Тэдний олсон шийдэл нь тэнгисийн усыг ууршуулах замаар бөөн давхраат үүл үүсгэдэг хөвөгч онгоц юм. Шийдэл бараг бэлэн болсон бөгөөд гагцхүү олон улсын хууль тогтоомжыг л хүлээж байгаа. Хууль гарахыг хүлээлгүй хийгээд эхэлсэн нөхдүүд ч байна.

Өөр нэг гео-инженерийн технологи бол далайн усны шүлтлэгийг нэмэгдүүлэх замаар борддог хиймэл мод юм. Үүнийг цаг уурыг удирдах шинэ боломж хэмээн эрдэмтэд харж байна. Энэ мэт технологи нь бүтээгдэж байгаа ба тун удахгүй бид тэдгээрийг харах болно.

  1. Гараг Хоорондын Интернет

Энэ тийм ч шаардлагатай зүйл биш гэж зарим хүмүүс хэлж магадгүй юм. Гэхдээ 2030 он гэхэд хувийнх ч бай, хувьсгалынх ч бай дэлхийгээс ангараг гаригт хүрэх мөрөөдөл биелэлээ олох болно (одоохондоо мөрөөдөл төдий байгаа хэдий ч гэсэн). Хэн ч байсан Ангарагт газардсан хүний хамгийн түрүүнд хийх зүйл бол интернетэд холбогдож дэлхийтэй холбоо барих явдал. Түр очсон судлаачид ч бай, Ангараг Нэг төслийн оролцогч байнгын оршин суугч ч бай ялгаагүй өөрсдийн мэдээллийг дэлхийтэй хуваалцахыг л хамгийн түрүүнд хүсэх нь гарцаагүй. Хэдий тээвэрлэлт удаан байх боловч тэд интернетээр дамжуулан хэрэгцээтэй зүйлсээ худалдан авах болно.

  1. Залуужуулах Анхны Интервенц

Худалдаанд “залуужуулна” гэсэн нэртэй бүтээгдэхүүнүүд хэдэн тонноор зарагдаж байгаа ч бүгд худлаа, хамгийн бодит нь косметик хагалга л байх. Одоогоор насжилтыг зогсоох, удаашруулах, ухраах ямар ч зүйл бидэнд алга.

Гэхдээ 2030 онд энэ байдал өөрчлөгдөх болно. Ирээдүй судлаачид, насжилтыг судлаачид залуужуулах интервенц нь юу байж болохыг хэлж чадахгүй байгаа ч генетикийн үр нөлөөгөөр энэ нь биелэлээ олох нь гарцаагүй. Одоогоор зуу гаран насалсан хүмүүсийн удам, гэр бүлийнхий генетикийн мэдээллийг эрдэмтэд нэг бүрчлэн цуглуулан судалж байна.

  1. Устгах Лицензтэй Автомат Роботууд Бүтээгдэнэ

Устгах үүрэгтэй автомат роботууд бүтээгдэнэ гэхээр жоохон сонин сонсогдож мадагүй ч энэ бол үнэн.


Одоо ч гэсэн бид далайн хөлөг, баллистик пуужин тээвэрлэгч зэрэг пуужингийн довтолгооноос хамгаалах автомат системүүдийг ашиглаж байгаа. Хүчирхэг компьютер, радараар тоноглогдсон дайсны байг олж устгах зориулалттай автомат усан цэргийн хөлөг онгоцны Аежис Байлдааны Системийг хэд хэдэн улсууд ашиглаж байгаа. СамсунгТехвины бүтээсэн зайнаас удирдлагатай ботууд хоёр Солонгосын хэл дээр байрлаж байна. Түүнчлэн Нэгдсэн Улсын пакбот/РЭДОВЛсистем нь мэргэн буудагчдыг хялбархан илрүүлэх чадалтай.

Хүний оролцоогүй устгах робот-цэрэг бүтээхийг хүмүүс шүүмжилж байгаа боловч цэргийн эрх мэдэлтнүүд шаардлагатай үед цэргүүдийн амийг эрсдэлд оруулахгүйн тулд ийм машинуудыг ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаа. Эдгээр машинууд нь физикийн болоод юмыг таных чадвараараа хүнээс хавьгүй илүүд тооцогдож байгаа. Орчин үеийн зэвсэглэлийн технологийн өрсөлдөөнөөс болоод ийм машинуудын арми гарч ирэхэд бэлэн байгаа.

  1. Бид Эрхтэнүүдээ Лабораторит Ургуулдаг Болно

Бид өнөөдөр биотехнологийн үсрэнгүй хөгжлийн эхэн үед амьдарч байна. Ирэх арваас хорин жилд физикчид бидний генетикийн бүтэцэд нөлөөлж нөхөх чадвартай эм, тариа бүтээхээр ажиллаж байгаа. Биологичид үүдэл эсийг гарган авахад маш ойрхон эрээд байгаа. Энэ нь бидэнд донор шаардлагагүйгээр өөрсдийн эд эсийг бүр зүрхийг хүртэл ургуулах бололцоог олгох юм.



Биотехнологийн үйлдвэрлэл үсрэнгүй хөгжиж байна. Эрдэмтэд саяхан 3 хэмжээст принтерээр электрон судалтай кибернетик чих хэвлэж гаргасан. Түүнчлэн бид хүний үр хөврөлийн үүдэл эсийг нийлэг эдээр хэвлэх боломжтой. Эдгээр хэвлэгч машинууд нь хүний чих зэрэг нарийн бүтэцтэй эдийг хүртэл хэвлэх хэмжээний өндөр чадвартай болоод байна.
Тиймээс 2030 оны үед бид өөрсдийн эд эрхтнүүдийг ургуулж эсвэл хэвлэх бүрэн бололцоотой болно.

  1. Айл бүр Гэртээ Хувийн Үйлдвэрлэлтэй Болно

Манай засгийн газар өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ энэ тэр гэж их ярьдаг. Зарим нь ч үр өгөөжөө өгч л байгаа байх. Харин ойрын ирээдүйд айл бүр гэртээ 3 хэмжээст хэвлэгчтэй болж бараг хүссэн бүх зүйлээ хэвлэн авах болно. Энэ л жинхэнэ өрхийн үйлдвэрлэл байхдаа.

Өрх бүр гэртээ бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхэлбэл бидний мэддэг уламжлал үйлдвэрлэлийн ойлголт орвонгоороо эргэнэ. Гэхдээ үйлдвэрлэлийн арга техникийг бид мэдэхгүй учраас эхэндээ тэднээс технологийг худалдаж авах шаардлага тулгарах байх. Гэхдээ сүүлийн үед нээлттэй эхийн хөдөлгөөнүүд их гарч байгаа нь тэдгээр технологийг бусадтайгаа үнэгүй хуваалцах хүмүүс ч их болж байна.
Өдөр ирэх бүр энэхүү хэвлэгчийн хүчин чадал сайжирсаар бүр гар буу, вакцин, өөрийгөө угсардагробот зэргийг хэвлэж байна. Түүнчлэн энэ хэвлэгчүүд нь бүрэн автоматажсан учраас хүний оролцоо бараг хэрэггүй болсон.

  1. Далай Усыг Унданд Хэрэглэнэ

2030 он гэхэд ихэнх том үйлдвэрүүд далайн усыг цэвэршүүлж хэрэглээнд нэвтрүүлж эхлэнэ. Нарны эрчим хүчний станцуудын хүчин чадал сайжирч фотоэлктроны элемент гарган авснаар далайн усыг давснаас ньсалгах аварга том нарны эрчим хүчнийүйлдвэр байгуулагдах болно(CSP). Одоо ч далайн усыг цэвэршүүлж тухайн орон нутгийн хэрэгцээнд нэвтрүүлж буй хэд хэдэн үйлдвэр ажиллаж байгаа. 2020 он гэхэд цаад тал нь 2030 он гэхэд дэлхийн хүн ам цэвэр усны хомсдолд орно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. CSP-ийн дэвшлийн үр нөлөөгөөр бид энэхүү аюулаас 2030 оны үед гарна гэж найдаж байна.

эх сурвалж: io9

4 comments:

  1. Заримдаа ингээд харахаар ирээдүй үнэхээр гэрэлтэй шүү. Даанч улс төр гэдэг юм үргэлж хойш нь чангааж байх юм

    ReplyDelete
  2. Манайх ер нь Англи хэлийг Монгол хэлтэй хамтатгаад албан ёсныхоо хэл болгох хэрэгтэй байхаа, үгүй бол цаг нь ирэхэд энэ бүгдээс хоцроод, үеийг нь өнгөрөөчих юм шиг санагдаад болдоггүй ;(

    ReplyDelete
    Replies
    1. Хүн болгон англи хэл сурч байгаа энэ үед хэрэгтэй л байх. Гэхдээ нөгөө талаасаа эхлээд эх хэлийг нь хүүхдүүдэд сайн эзэмшүүлэх нь сайн гэсэн бодолтой явдаг юм. Эх хэл гэдэг бол тухайн ард түмний соёл, уламжлал, сэтгэлгээний онцлогыг агуулж байдаг цөм юм. Эх хэлээ сайн эзэмшсэн бол цаашаа харин англи гм хэлийг сайн эзэмшүүлэх хэрэгтэй байх.

      Delete
  3. This info is worth everyone's attention. Where can I find out more?



    my web page; criminal attorney phoenix

    ReplyDelete

 
Toggle Footer