Goal-line technology буюу Гоолын шугам технологийн тухай

8/19/2013

Гоолын шугам технологи нь хөлбөмбөгийн спортод хэрэглэгдэх технологи бөгөөд бөмбөг гоолын шугамыг давсан эсэхийг шалгаж, талбай дээрх шүүгчийн шийдвэрд туслах зорилготой юм. Гэхдээ энэхүү технологи нь шүүгчийг орлохгүй, гоол орсон үгүй нь эргэлзээтэй үед шүүгчдэд шийдвэр гаргахад нь туслах юм. ГШТ (GLT) нь бөмбөг гоолын шугамыг бүрэн давсан эсэхийг тодорхой шалгаад шүүгчид зөв мэдээлэл хүргэх үүрэгтэй. Английн Премиер Лиг, 2010 оны Дэлхийн Цом, 2012 оны Европын Аварга (уг нь энэ технологийг дэмжихгүй байсан) зэрэг тэмцээнүүд дээр гарч байсан гоолын маргаанаас үүдэн гоолын шугам технологийг хөгжүүлж туршиж үзэх эхлэл нь тавигдсан юм.
2012 оны Долдугаар сарын 5-д Олон улсын Хөлбөмбөгийн Холбооны Удирдлагууд гоолын шугам технологийг ашиглахаар албан ёсоор зөвшөөрсөн юм. Энэ хүрээнд олон технологи танилцуулагдаж байснаас тестийн явцад ГоолШүүгч(GoalRef) болон Харцагын-Нүд (Hawk-Eye) гэсэн хоёр үндсэн технологи шалгарсан юм. 2012 оны Арван хоёрдугаар сард Японд зохиогдсон ФИФА-ийн Клубуудын Дэлхийн Цомд анх удаа уг технологи ашиглагдсан юм.

Зайлшгүй шаардлага

2000 онд болсон Африкийн Цомын тэмцээнд Нигерийн тамирчин Виктор Икебагын Камеруны эсрэг цохисон торгуулийн цохилтыг шүүгч бөмбөг шугам даваагүй гэж үзсэнээс үүдэн хамгийн анх гоолын шугам технологийг хэрэглэх хэрэгтэй юу? гэсэн асуултыг гаргаж ирсэн байдаг. Уг тоглолтын дараа зурагтаар бичлэгийг давтаж харуулахад бөмбөг шугамыг бүрэн давсан байсан ба харамсалтай нь Нигер биш Камерун торгуулийн цохилтоор ялж Африкийн Аварга болсон юм.
Хожим 2005 оны нэгдүгээр сард Английн Манчестер Юнайтэдболон Тоттенхем багуудын хооронд болсон тоглолтын үеэр Тоттенхемийн хагас хамгаалагч Педро Мендесийн 50 метрээс цохиосон цохилт, гоолын шугам технологийг хэрэглэх асуудлыг бүр хурцатгаж өгсөн юм. Юнайтдын хаалгач Рой Каролл бөмбөгийг барьсан боловч алдаж бөмбөг бараг 1 м өнхөрч шугамыг давсны дараа хаалгач эргүүлээд гаргасан юм. Харамсалтай үүнийг талбайн шүүгч, захын шүүгчийн аль ч харалгүй өнгөрсөн. Үүний дараа ФИФА энэ технологийг ашиглахаар шийдэж Adidas-тай хамтран бөмбөгөнд чип суулган хаалганы багануудад мэдрэгч суулгаж бөмбөг шугам давсан эсэхийг шалгаад шүүгчдэд сигнал дамжуулах технологийг боловсруулжээ. Гэхдээ уг систем 95%-ийн үр дүнтэй ажиллаж байсан учраас ФИФА-ийн ерөнхийлөгч Зеф Блаттер үүнээс татгалзжээ.
2009 оны Наймдугаар сард Кристал Палас, Бристол Ситийг хооронд болсон тоглолтонд мөн л гоолын маргаантай асуудал гарсан байна. Гоолыг тооцоогүйд Паласын дасгалжуулагч Нейл Варнок маш их ууртай байлаа. Ийнхүү 2010 оны гуравдугаар сард Олон улсын Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлөөс Шотланд болон Английн хөлбөмбөгийн холбоо л уг технологийг ашиглах талаар санал гаргаж байлаа. Мөн УИФА Европа Лигийн 48 багийн ахлагчдаас авсан санал асуулгаар 90% нь уг технологийг ашиглахийг хүсэж байна гэсэн дүн гарчээ. Үүний дараа шүүгчийн алдаанаас болоод хэд хэдэн ноцтой
асуудлууд босож ирсэн юм. Тэдний нэг нь 2010 оны Дэлхийн Цомын тэмцээнд Англи 4:1харьцаатай Германд хожигддог тоглолтод нэгдүгээр үеийн төгсгөлд Фринк Лампартын Германы эсрэг хийсэн гоол юм. Бичлэгийг давтаж харуулахад бөмбөг гоолын шугамыг давсан боловч шүүгч тооцоогүй. Хэрвээ уг гоолыг тооцсон бол тоглолт 2:2 харьцаатай нэгдүгээр үеийг дуусгаж хоёрдугаар үед байдал арай өөрөөр эргэх байсан ч болох талтай. Гэхдээ тоглолт 4:1 харьцаатай Германы багийн ялалтаар өндөрлөсөн. Энэ үйл явдлын дараа ноён Блаттер, гоолын шугамын технологийг ФИФА дахин нэвтрүүлэх болсныг зарласан.

Тест

2011 оны Долдугаар сард ФИФА нийт 10 технологи дээр туршилт хийсэн бөгөөд эдгээр системүүд нь шүүгчдэд 1 секундын дотор гоол орсон эсэхийг мэдээлж байх үүрэгтэй юм.
Эндээр технологиудаас зарим нэгийг доор тайлбарлъя.

Cairos GLT систем

Системийг Германы Carios Technologies AG хөгжүүлж Adidas нэврүүлсэн. Уг системийн ажиллах зарчим нь бөмбөгөнд суурьлуулсан чипийг соронзон орноор дамжуулан халган дотор суурьлуулсан мэдрэгчүүдээр мэдэрх юм. Мэдрэгчүүд бөмбөгнөөс соронзон орны долгионыг мэдэрч дохиолол болгон компьютер уруу дамжуулж бөмбөг шугам давсан эсэхийг шалгах юм. Хэрвээ бөмбөг шугам давсан тохиолдолд шүүгчийн цаг уруу 1 секундын дотор радио дохио дамжуулна. Үүний тулд бөмбөгөн дотор мэдрэгч суулгах шаардлагатай ба бөмбөгийг асар их хүчээр цохисон ч мэдрэгч ажиллаж байх зарчимтай, ийм бөмбөгийг Adidas бүтээсэн байна. Гэвч бодит байдал дээр уг технологи асар хурдтай ажилласан ч гэсэн тоглоомыг удаашруулж магадгүй гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа.

Goalminder

Уг системийг анх зохион бүтээх санааг Харри Барнес, Дави Парден нар өөрсдийнх нь дуртай баг Болтон Вандерэрсийн нэг тоглолтод оруулсан гоолыг тооцоогүйгээс болж гаргажээ. Эхэндээ уг технологийг төдийлөн сонирхохгүй байсан ч 2010 оны дэлхийн аваргын Френк Лампардын гоолоос хойш ФИФА сонирхох болсон байна. Уг системийн ажиллах зарчим нь асар өндөр хурдны камеруудыг(секундэд 2000 прем) хаалганы хөндлөвчинд суурьлуулж дүрсийг шүүгчдэд 5 секундын дотор харуулж шийдвэрийг гаргана. Гэхдээ энэ технологи нь шийдвэрийг гаргахгүй, зүгээр л үйл явцын дүрсийг л шүүгчид харуулах учраас бас л тун эргэлзээтэй. Гэхдээ уг технологи хямд камер ашиглаж байгаа учраас өртөгийн хувьд бусад технологиос хамаагүй хямд юм.

GoalRef

GoalRef технологи нь Carios-ийн технологитой төстэй бөгөөд үндсэн зарчим нь бага давтамжийн соронзон орны хэлбэлзэлд суурьлажээ. Халган дотор бөмбөг орох төдий л өчүүхэн хөдөлгөөнийг соронзон мэдрэх бөгөөд бөмбөг орсон үгүйг нягтлах юм. Бөмбөг гоолын шугамыг давмагц хаалган доторх соронзон долгионы хэлбэлзэл өөрчлөгдөнө. Улмаар сигнал компьютерт очиж тэндээс шүүгчийн гуйн дахь цаганд мэдээлэл очсоноор шүүгч шийдвэр гаргана.



Hawk-Eye (Харцгийн нүд)

Харцгийн Нүд технологи нь 1999 онд зохиодсон технологи бөгөөд крикит, теннис, снүкер зэрэг спортод ашиглагдаж буй технологи юм. Энэхүү технологи нь дүрсэнд боловсруулалт хийх триангуляц (зайг тодорхойлох гурвалжны арга)-ын арга болон талбайн эргэн тойронд байрлуулсан өндөр хурдтай камер ашиглан өгөгдлийн хугацаа боловсруулах арганд тулгуурласан технологи юм. Уг систем нь өндөр хурдны камеруудаар триангуляц хийж бөмбөгний нисэлтийг тодорхойлно. Камеруудаас ирэх өгөгдлүүд дээр тусгай програм хангамж тооцоолол хийж дүрсийг прем бүрээр хуваан бөмбөгний дүрсийг баримжаалан бөмбөгний байрлалыг тодорхойлох юм. Мөн тодорхой агшинд камерууд халахлагдсан ч програм хангамж нь өмнөх өгөгдлүүдийг ашиглан бөмбөгний байрлалыг тодорхойлж нисэх чиглэлийг ч таамаглах чадвартай. Ингэснээр өгөгдлийн санд хадгалсан өгөгдлүүдээ ашиглан виртуал дүрс бүтээж дэлгэцэнд гаргаснаар үзэгчид, тоглогчид, шүүгчид харах боломжтой юм. Энэ технологийн мөн нэг давуу тал нь зөвхөн гоолыг нягтлаад зогсохгүй системийн өгөгдлүүдийг ашиглан тоглочдын статистикийг гаргаж анализ хийх боломж бүрдэж байгаа юм. Ийм камер нэг хаалганд 7 байх ба цэнгэлдэхийг тойруулж байрлуулсан байна. Бөмбөг гоолын шугамыг давмагц шүүгчийн буй цаганд 1 секундийн дотор очно. Энэ технологийг зарим хүмүүс тоглолтын хурданд нөлөөлнө, мөн статистик мэдээлэл нь заримдаа алдаатай зэрэг шүүмжлэлүүд гаргаж байгаа.




Шүүмжлэлүүд

Гоолын шугам технологи нь тоглолтын явцад шүүгчдийн гаргадаг алдааг багасгаж байгаа ч гэсэн технологи ашиглаж байгаад шүүмжлэх хүмүүс цөөнгүй байгаа юм. Эдгээр шүүмжлэлүүдийн ихэнх нь ФИФА-ийн дотроос гарч байгаа ба ерөнхийлөгч Зеф мөн шүүмжилж байгаа. Тоглолтод технологи ашиглах нь хүний оролцоог багасгаж алдаа оноон дээр маргалдах боломжийг үгүй хийх нь утгагүй хэрэг гэж үзэж байгаа юм. Зеф “Бусад спорт шинэ технологи ашигласнаар тоглоомын дүрмийг өөрчилж байна... Бид ийм зүйл хийхгүй байгаа нь хөлбөмбөгийн нэр хүнд, түүнээс авах таашаалтай холбоотой” гэжээ. Түүнийхээр бол тоглолтод алдаа гардаг боловч тэдгээр нь байх ёстой зүйлс бөгөөд зарим хүмүүсийг баярлуулж, заримыг гуниглуулдаг учраас л хөлбөмбөг илүү үзүүштэй болдог ажээ.
Судалгаанаас харахад 2010-11 оны улирлын Английн Премиер Лигт гарч буй алдааны 30% нь бичлэгийг дахин харахад алдаа биш байжээ. Түүнчлэн технологи алдаа гаргавал бас яах вэ? гэдэг асуултыг зарим хүмүүс тавиад байгаа юм.
Энэ мэт зүйлээс болоод хөлбөмбөгийн спорт бусад спортыг бодвол натурлаг буюу аливаа техник технологиос зайлс хийж иржээ. Гэхдээ 2010 оны Дэлхийн Цомын тэмцээнд Франк Лампардын оруулсан гоол ноён Зефийн бодлыг өөрчилсөн төдийгүй хэрвээ гоолын шугам технологийг үр дүнтэй гэж үзвэл 2014 онд Бразилд зохиогдох Дэлхийн Цомын тэмцээнд ашиглахаар төлөвлөж байна.

Английн Премиер Лиг

Хамгийн найдвартай гэж үзсэн GoalRef(гоол-шүүгч) болон Hawk-Eye(Харцагын Нүд) хоёр технологи байгаа бөгөөд АПЛ Hawk-Eye технологийг сонгож нэвтрүүлжээ. АПЛ-т тоглож байгаа 20 багийн 20 цэнгэлдэхэд энэхүү шинэ технологийг суурьлуулсан ба лигийн бүх тоглолтод уг технологийг ашиглах юм. Уг технологийг зохион бүтээгчид нь маш олон удаа туршж үзээд мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авчээ. Энэхүү технологи нь лиг эхэлсэн эхний өдрөөс л үр ашгаа харуулсан бөгөөд эргэлзээтэй хоёр ч тохиолдлыг үнэн зөвөөр шүүж байсныг манай хөлбөмбөг сонирхогчид үзсэн байх.
Гэхдээ энэхүү технологид нэг том сул тал байгаа нь үнэ өртөгийн асуудал юм. Дээр хэлсэнчлэн нэг хаалганд л гэхэд өндөр хурдны 7 камер суурьлуулах шаардлагатай. Ингэхээр нэг цэнгэлдэхэд нийт 14 камер, нийт лигийн хэмжээнд 280 камер болон бусад тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Энэхүү технологийг нэг цэнгэлдэхэд суурьлуулах өртөг нь 250,000 паунд болж байгаа юм. Энэ бол том клубуудын хувьд хотойхооргүй мөнгө боловч жижиг клубуудын хувьд чамгүй өндөр шалгуур болж байна. Гэхдээ Английн Хөлбөмбөгийн Холбоо үүнийг зохицуулж холбооноос нийт өртөгийг гаргаж, үүнийгээ реклам, ТВ эрх зэрэг бусад үүсвэрээс нөхөж олохоор төлөвлөжээ.
Ямартай ч энэхүү технологийг нэвтрүүлсэнээр хөлбөмбөгийн спортод шинэ хуудас нээж байгаа бөгөөд тамирчид, дасгалжуулагчдын хувьд төдийгүй хөлбөмбөг сонирхогч, үзэгч, фанат бидний хувьд баяртай мэдээ билээ. Энэхүү технологи хир удаан наслахыг 13-14 улирлын тоглолтууд бидэнд харуулах биз ээ.
Ийнхүү бид бүхэн шинэ бүхнээр дүүрэн АПЛ-ийн шинэ улиралтай золгож байна. Уншигч та бүхнийг дуртай багаа дэмжихийн хажуугаар шинэ технологийн гайхамшгийг мэдэрхийг хүсье.


Жич: энэхүү нийтлэлд зарим нэг нэрийг буруу хөрвүүлсэн, буруу орчуулсан зэрэг алдаа гаргасан бол хүлцэл өчье! Та бүхэн бидний нийтлэлтэй холбоотой санал хүсэлт, гомдол байвал бидэнд комментоор эсвэл майл хаягаар ирүүл үү?



Эх сурвалж: theguardian.com, wikipedia.org, bbc

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer