"IP" Хаяг Гэж Юу Вэ?

3/20/2014


Хэрвээ интернэт ашигладаг бол "IP" хаяг гэж сонсон л байж таарна. Тэгэхээр "IP" хаяг гэж юу вэ? Ямар үүрэгтэй гэдгийг та мэдэх үү?

Тэгэхээр "IP" хаяг гэж юу юм бол гэдгийг тайлбарлахаас өмнө бас зарим компьютерын сүлжээний энгийн ойлголтуудыг мэдэх хэрэгтэй. "IP" гэдэг нь "Internet Protocol" буюу "Интернэтийн Протокол" гэсэн үг юм. Үүнээс протокол гэдгийг нь юу гэсэн үгийг нь ойлгох хэрэгтэй. Дэлхий дээр маш олон үндэстэн ястан байдаг. Үүнийгээ дагаж маш олон хэл байдаг. Тиймээс бие биеээ ойлголцохын тулд нэгэн хэлийг ашиглаж ярилцах хэрэгтэй болдог. Үүнтэй адил компьютерууд хоорондоо ярилцах хэл нь протокол юм. Мөн дэлхий дээр олон янзын хэл байдагтай адил анх сүлжээний төхөөрөмж бүтээж байсан байгууллагууд өөрсдийн сүлжээний протокол дээр ажилладаг төхөөрөмжүүдийг бүтээж байсан бөгөөд энэ нь маш том асуудал үүсгэсэн нь өөр өөр байгууллагуудын төхөөрөмжүүдийг хооронд холбож ажиллах боломжгүй болсон юм. Энэ нь яг л бие биеийн хэлийг мэдэхгүй хоёр улсын хүмүүс ярилцах гэж оролдож байгаатай адил гэж хэлж болох юм.

Тиймээс ч энэ байдлыг янзлахын тулд стандарт протоколуудыг бий болгосон бөгөөд үүнээс хойш компьютерууд бүгд нэгэн стандартын протокол ашиглан харилцах боломжийг олгосон байна. Сүлжээний төхөөрөмж үйлдвэрлэдэг байгууллагууд энэхүү стандартыг бүгд дагаж төхөөрөмжүүдээ хийх болсон бөгөөд өөр өөр үзүүлэлт бүхий төхөөрөмж хийж байсан ч гэсэн нэгэн стандартын протокол дээр ажиллах боложмтой болсон учраас өөр өөр байгууллагын төхөөрөмжүүдийг холбоход ямар нэг асуудалгүй ажиллах боломжтой болсон байна.

Одоо "IP" хаягийн талаар сонирхоё. "IP" хаяг гэдэг нь мэдээж "Интернэт протоколын хаяг" гэсэн үг юм. Үүнийг ойлгоход мөн маш амархан. Энэ нь ямар ч хаяглалттай адилхан юм. Бидний байрны хаяг эсвэл утасны дугаартай адил "IP" хаяг нь тухайн төхөөрөмжийг бусдаас ялгаж өгдөг. Тиймээс ч сүлжээнд байгаа төхөөрөмж бүр бусдаасаа ялгаатай хаягтай байдаг. Хэрвээ сүлжээндээ хоёр адилхан хаягтай байх юм бол үүнээс болж асуудал үүсэх боломжтой. Хэрвээ танд илгээмж ирэхэд нэгэн адил хаягтай хэд хэдэн газар байдаг бол илгээмжийг хайш нь явуулах уу? гэсэн асуудалтай адил зүйл болох юм. Тиймээс ч тухайн сүлжээнд байгаа төхөөрөмж бүр өөр өөр "IP" хаягтай байдаг.

"IP" хаяг нь дотроо хоёр төрөл байдаг бөгөөд эхнийх нь "IPv4" харин дараагийнх нь "IPv6" юм. Одоогийн байдлаар "IPv4" хамгийн өргөн хэрэглэгддэг хэдий ч хаяглалтын хязгаар дууссан бөгөөд одоо "IPv6"-руу бага багаар шилжиж байгаа юм.

Хүмүүс 10-тын тооллын систем ашигладагтай бол компьютер 2-тын тооллын систем ашигладаг бөгөөд энэ тооллын системд 0 1 гэсэн хоёр л өгөгдөл байдаг байна. Хэрвээ та компьютер дээрээ жишээ нь 125 гэсэн тоо оруулахад үүнийг компьютер 0 1 болгон хөрвүүлж ойлгодог байна. 

"IPv4" хаяг нь 8 ширхэг 0 эсвэл 1-ээс бүрдсэн 4 хэсэг тооноос бүтдэг байна. Жишээ нь "IPv4" хаяг нь 216.27.61.137 гэсэн хаяг байж болно. Гэхдээ компьютер үүнийг  11011000.00011011.00111101.10001001 гэсэн тоонуудыг хардаг байна. Тиймээс ч "IP" хаяг нь хамгийн ихдээ 255.255.255.255 гэсэн утгатай байх боломжтой юм учир нь 11111111 гэсэн дараалсан 8 нэг нь аравтын тооллоор бол 255 гэсэн үг юм.

Энэ хаяглалтын систем нь интернэт улам өргөн уудам болох тусам хангалттгүй болж эхэлсэн бөгөөд дараагийн "IPv6"-г хангалттай их хаяглалттай байхаар бүтээсэн бөгөөд "IPv6" нь 16-тын тооллын систем ашигладаг бөгөөд 8 хэсгээс бүрддэг байна. Жишээ нь: 2001:cdba:0000:0000:0000:0000:3257:9652 гэсэн байдалтай байна.

Компьютер хэрхэн "IP" хаягаа авдаг вэ гэвэл нэг бол хэрэглэгч гараар оруулж тааруулах эсвэл автоматаар авч болдог байна. Рүүтэр эсвэл тусгай сервер дээр "DHCP - Dynamic Host Configuration Protocol" гэсэн функцын тусламжтайгаар компьютерт "IP" хаягийг автоматаар өгдөг байна.

"IP" хаягийг илүү үр дүнтэй ашиглахын тулд дотор ерөнхий хоёр хэсэг болгон хувааж ашигладаг байна. Учир нь "IP" хаягийн тоо хязгаарлагдмал юм. Энэ хоёр төрөл гадаад болон дотоод "IP" хаяглалт юм. Мөн 0.0.0.0, 255.255.255.255-ыг ямар нэгэн төхөөрөмжид өгөх боломжгүй бөгөөд энэ нь тусдаа үүрэгтэй хаягууд юм. Мөн 127.0.0.1-ыг ашиглах боломжгүй юм.

169.254.0.1-ээс 169.254.255.255-ыг "APIPA - Automatic Private IP Addressing" хаяглалтууд бөгөөд хэрвээ компьютер автоматаар "IP" хаяг авч чадахгүй бол эдгээр хаягийн нэгийг өөртөө өгдөг байна. 

Дотоод хаягийг дотор "Class A/B/C/D/E" гэж хуваадаг байна. Үүнээс A, B, C төрлийг хэн ч гэсэн өөрийн сүлжээндээ чөлөөтэй ашиглах боломжтой байдаг байна.

Харин одоо яагаад гадаад дотоод хаяг хэмээн хуваасан талаар сонирхож үзье. Өмнө хэлж байснаар "IPv4" бол хязгаарлагдмал нөөцтэй. Тиймээс ч илүү их хаяг цаг ирэх тусам хэрэгтэй болсоор ирсэн байна. Үүнийг мөн л энгийн байдлаар тайлбарлаж болно. Байрны дугааргүй хоёр өөр орон сууц байлаа гэж бодъё. Байр бүр дотроо 20 орон сууцтай гэж бодьё. Ингээд бидэнд ашиглах боломжтой 1-40 хүртэл хаяглалт байгаа. Тэгэхээр айл бүрийг өөр хаяглалттай байлгахын тулд тус бүрд нэг 01-ээс 40 хүртэлх ашиглах боломжтой хаяглалтыг өгөх хэрэгтэй болно. Энэ тохиолдолд бид хаягуудаа маш ашиггүй үрж бүгдийг нь дуусгаж байна гэсэн үг. Тэгэхээр эхний байранд 1-20 хүртэл хаалганы дугаартай айл харин дараагийн байранд 21-40 хүртэлх дугаартай нь байна гэсэн үг юм.

Харин хаяглалтаа илүү үр ашигтай ашиглахын тул бид хаягаа дотор нь хоёр хуваагаад 01-20 хүртэлхийг байр доторх айлуудыг дугаарлахад харин 21-40 гэсэн хаягуудыг бүхэл байрыг нь хаяглахад ашиглавал илүү үр дүнтэй болох юм. Ингээд бодоод үзвэл эхний байрыг 21 гэж дугаарлаад 21-ээр байр дотор нийт 1-20 хүртэлх дугаараар айлуудыг дугаарлаж харин дараа нь нөгөө байрыг нь 22 гэж дугаарлаад мөн дотор нь 1-20 хүртэлх дугаартай айлууд байх боломжтой болж байна гэсэн үг юм. Ингэхэд бидэнд дараа тус бүрдээ 20 айлтай 18-н байр дугаарлах хаяглалт үлдэж байна гэсэн үг юм. Харин энэ тохиолдолд ямар нэгэн илгээмж нэгэн айлд ирлээ гэж бодоход заавал байрны дугаар нь хэрэгтэй болох юм учир нь 2 байр дотроо адилхан дугаарлалтай айлуудтай болох юм.

Тийм ч учраас "IP" хаягийг дотоод гадаад гэж хуваасан бөгөөд дотоод нь манай жишээ нь айлын хаалганы дугаар харин гадаад хаяг нь байрны дугаартай адил юм. Тиймээс гадаад сүлжээнд дотоод хаяглалт ашиглах боломжгүй юм. 

Энэ боломжийг "NAT - Network Address Translation" олгодог юм. 

За ингээд хэрвээ та "IP" хаягийн талаар өмнө нь сонирхож үзэж байгаагүй, мөн ямар үүрэгтэйг нь мэддэггүй байсан бол одоо ямар үүрэгтэй гэдгийг мөн зарим энгийн ойлголтуудыг авч чадсан байх гэж найдаж байна.

4 comments:

  1. Uneheer ih bayarlalaa. Mash ih tus bolloo.

    ReplyDelete
  2. bayrlalaa . Yasan goy chadvartai yum bee.

    ReplyDelete
  3. mash ih bayrlalaa. ih ym medej awlaa

    ReplyDelete
  4. 11011000.00011011.00111101.10001001 ene yaj bodood bgan :D

    ReplyDelete

 
Toggle Footer