4К Телевиз гэж юу вэ, худалдан авах шаардлагатай юу?

3/17/2014

Консумер буюу өдөр тутмын хэрэглээний технологиуд маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Ингэж хурдтай хөгжихөд нөлөөлсөн хөшүүрэг нь зах зээлээ булаацалдаж буй технологийн компаниудын ширүүн өрсөлдөөн юм. Энэ нь хэрэглэгчдэд хамгийн орчин үеийн дэвшилтэд технологийг хямд үнээр худалдан авах бололцоог олгож байгаагаар сайн талтай. Гэвч нөгөө талаараа олон төрлийн үзүүлэлт, өндөр технологийн чадамжуудыг хэрэглэгчид тэр болгон хүлээн авч чадахгүй, мөн хэрэгцээгүй олон зүйлд мөнгөө дэмий зарлагадах сөрөг талтай болж байна. Жишээ нь сүүлийн үеийн ухаалаг утасны техник үзүүлэлт аль эрт зөөврийн компьютерын хэмжээнд хүрсэн, зарим нь бүр даваад гарчихсан байгаа. Гэтэл яг үнэндээ хүний хэрэглээ хязгаартай тул ярих, мессеж бичих, нийгмийн сүлжээнд орох, и-шуудан шалгах, зураг авах, хааяа тоглох гээд утасныхаа нийт боломжит хүчин чадлын 10 хүрэхгүй хувийг л бид ашиглаж байна. Тэгэхээр хүн ямар нэгэн юм, ялангуяа хэрэглээний электрон бараа авах гэж байгаа бол эхлээд өөрийн хэрэгцээг сайн тодорхойлох хэрэгтэй юм шиг.

Бид өмнө нь яг ийм зорилгоор шинээр телевиз авах гэж байгаа хүмүүст тусламж болгож бяцхан зөвлөгөө өгч байсан. Бидний хүргэсэн зөвлөгөө хүмүүст нэлээд таалагдсан юм шиг байгаа юм, хүмүүс маш олон асуулт, санал хүсэлт тавьж байсан. Тэдгээр хүсэлтийн нэг бол 4К телевизийн талаар асуусан асуултууд байсан юм. Энэ удаа бид тэдний асуулт хүсэлтэнд хариу болгож энэ нийтлэлийг бэлтгэлээ.

Дэлгэцийн нягтрал


4К гэдэг бол дэлгэцийн технологийн хөгжлийн хамгийн сүүлийн төвшин буюу бидний сайн мэдэх 1080р -ийн дараагийн үе юм. 4К-г мөн өөрөөр хэт өндөр нягтрал (UltraHD) гэж нэрлэдэг. Агаараар дамжуулдаг телевизийн сувгуудын нягтрал нь 640х480 (480i/p) байдаг бол хамгийн анхны HD буюу өндөр нягтрал нь 1280х720 (720i/p) болж сайжирсан бол хамгийн сүүлийнх нь 1920х1080 (1080i/p) нягтрал юм. Хаалтад бичсэн байгаа тоогоор нь тухайн дэлгэцийг тодорхойлдог бөгөөд энэ нь дэлгэцийн босоо тэнхлэгийн цэгийн тоог хэлж байгаа юм. Харин 4К гэдэг нь үүний эсэргээр нь хэвтээ тэнхлэгийн дагуух цэгийн тоо юм. Харин К гэдэг нь кило буюу мянга гэсэн үг шүү дээ.

4К нь стандарт 16:9 харьцаагаар бол 3840х2160 цэгийг хэлдэг. Тэгвэл хэвтээгээр 3840 пекселын цэг агуулж байгаа юм бол яагаад 4 гэж нэрлэсэн юм бэ гэж та гайхаж байж магадгүй. Яахав үйлдвэрлэгчид харахад тэс өөр, эрс сайжирсан мэт худалдан авагчдад харуулахын тулд ингэж нэрлэхээр шийдсэн байх, тэгээд ч 3840 бол 4000-д нэлээд ойр тоо шүү дээ. Түүнчлэн энэ нь 1920х1080 өмнөх үеийн дэлгэцийг хоёр дахин үржүүлсэнтэй адил байгааг та анзаарсан байх.

4К аль талаараа давуу вэ?


Ингээд бодохоор 4К дэлгэцийн пекселийн тоо нь өмнөх загвараасаа 4 дахин (8,284,400 пексел) байгаа биз. Телевизийн хувьд 4К гэдэг бол санаанд багтамгүй их нягт юм. Манай кино театруудад гарч буй кинонууд ихэнх нь 4К тоон хэлбэрээр цацагддаг. Тэгэхээр ийм хэмжээний дэлгэцийг гэртээ зурагт дээрээ үзвэл хичнээн хурц гайхамшигтай харагдах нь ойлгомжтой. Гэхдээ үүнд нэг асуудал байна. Үзэгч нь дэлгэцээс холдох тусам дэлгэцийн нягтрал төдийлөн сайн анзаарагдахгүй болдог. Өөрөөр хэлбэл долоогоос дээш алхамаас илүү зайтай үзэж байгаа бол 720 болон 1080 -ийн хооронд төдийлөн ялгаа харагдахгүй болдог шиг 4К мөн адил. Хэрэв та дундаж хэмжээтэй (50 инч) 4К телевиз гэртээ тавиад үзвэл төдийлөн ялгааг олж анзаарахгүй.

Нөгөөтээгүүр 4К телевиз дээр үзэх агуулга өнөөдөртэй манайд алга. 1080-ийн өндөр нягтралтай агуулга цацдаг телевиз ч манайд тоотой шүү дээ. Сүүлийн үед Юнивишн, Скаймедиа, Сансар ЭчДи зэрэг тоон сувгийн үйлчилгээнүүд гараад өндөр нягтралтай агуулга их болж байгаа нь сайшаалтай боловч 4К бол арай л хол байна. Нэгэнт телевизийнхээ хэмжээнд тохирсон агуулга үзэхгүй л бол 1080, 720-ийн хэмжээтэй агуулга үзсэн ч ямар ч ялгаа байхгүй харин ч дэлгэцийн инчийн хэмжээнээс шалтгаалан дүрс барзгар болно. Энэ талаар бид өмнө нь нэлээд дэлгэрэнгүй тайлбарласан.

Өнөөдөртөө 4К телевиз авах шаардлагагүй

Гэртээ 4К телевиз авахад хэтэрхий эрт байна. Харин компьютерын монитор авбал арай өөр шүү. Гэхдээ үнийн хувьд арай л өндөр, хөндлөн цэнгийн дагуу нэг пекселийг ойролцоогоор 1 ам.долларын үнэтэй авна. Арай хямд үнэтэй дэлгэцүүд байгаа боловч хямд үнэтэйнүүд нь тийм ч сайхан харагдаггүй. Гэхдээ телевизийг бодвол компьютер дээр ашиглахад дэлгэцийн нягтралд тохирсон контентууд олдоно. Ядаж л олон цонхтой зэрэг ажиллахад үнэхээр урамтай байх нь гарцаагүй.

Ингэж хэрэглэхийн тулд эхлээд компьютерынхоо график картыг сайжруулах шаардлагатай. Яг одоогоор ихэнх Виндовс компьютерууд 4К дэмжих чадвартай байгаа бол Мак компьютеруудын хувьд тун цөөхөн нь дэмждэг.


Эцэст нь хэлэхэд 4К телевиз нь өнөөдөртөө үнэ өндөр, хэрэглээ тун бага байна. Япон 2018 гэхэд бүх агаарын сувгаа 4К стандарттай болгоно гэсэн мэдээ дуулж байсан. Гэхдээ тэрхүү технологи манайд нэвтрэх хүртэл цаг хугацаа шаардлагатай, энэ хугацаанд телевизийн технологи дахиад нэг шат ахих ч юм билүү.

Манайд орж ирсэн үү? 

Манайдаа хамгийн том электрон барааны дэлгүүрүүд болох Номин Электроникс, БСБ-р орж үзэхэд хараахан орж ирээгүй гэж байсан. Харин Нэкстийн хорооллын салбарт LG-ийн ултра ЭчДи буюу 4К телевиз ганцхан ширхэг орж ирсэн харагдсан. Гэхдээ 60 инчийн аварга эд. Ийм хэмжээний том телевиз нь заал, эсвэл томоохон зочны өрөөтэй айлд л тохирохоор юм. За тэгээд 4К-ийн талаар бага ч гэсэн мэдээлэлтэй болсон гэж найдаж байна.


Бидний бэлтгэсэн нийтлэлүүд таалагдсан бол цаашаа хуваалцаарай. Мөн биднээс асуух асуулт байвал и-шуудан, сэтгэгдэл, Фейсбүүк, Тветр зэргээр ирүүлээрэй. Дараагийн удаа бид OLED, Curved дэлгэцүүдийн талаар дэлгэрэнгүй нийтлэл хүргэх болно.

2 comments:

  1. Мэдээллийнх нь агуулга нь дажгүй юм. Гэвчүгсийн алдаанаас гадна утгын алдаа их юмаа уншихад их төвөгтэй байлаа. дэвшилтэд - дэвшилтэт
    өнөөдөртэй Нөгөөтээгүүр

    ReplyDelete
    Replies
    1. алдааг хэлж өгсөнд баярлалаа.
      openoffice ашигладаг болохоор autocorrect нь засчихаад байх юм. Алдаагаа олоход тусалдаг боловч зарим зүйлийг буруу засаад байдаг. Болорсофтын алдаа шалгагч олж авахаас.

      Delete

 
Toggle Footer