iPhone 5c vs iPhone 5s алийг нь авах вэ?

9/12/2013

Шинэ iPhone гарлаа, Apple нэг далайлтаар давхар цохилт хийлээ. Apple -ийн бүтээгдэхүүнүүд загвар сайн, чанартай байдаг боловч өндөр үнэтэй, сонголт багатай байдаг. Гэхдээ энэ удаа тэд зах зээлээ өргөжүүлэх зорилгоор хэрэглэгчдэд илүү олон сонголтыг өгч байна. 5с илүү өнгөлөг бол 5s илүү хүчирхэг. Хэрвээ та шинэ iPhone авахаар төлөвлөсөн боловч алийг нь авахаа шийдэж чадахгүй байгаа бол хоёр утасныг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж таны шийдвэрт тус больё гэж бодлоо.

5с болон 5s гол ялгаанууд


5с болон 5s -ийн ялгааг Apple сайтнаас илүү дэлгэрэнгүй харьцуулж харж болох ч үндсэн ялгаануудыг дээрх хүснэгтэнд харууллаа. Гадна талаасаа бол өнгө болон материалаар ялгаатай. 5с нь пластик гэртэй олон өнгөтэй бол 5s нь мөнгөлөг, саарал, алтлаг метал гэртэй. Гэхдээ энэ хоёр утсаны ялгаа нь гадаад гэхээсээ дотроо их ялгаатай.

iPhone 5с -ийн хувьд өнгөрсөн жил гарсан iPhone 5-ийн үзүүлэлттэй яг адилхан. Хурд, хэмжээ, камер бүгд адилхан. Гагцхүү олон өнгийн пластик гэртэй болж 100 доллараар хямд болсон.

Харин 5s бол iPhone 5-аас хэд хэдэн зүйлээр илүү болсон. Хамгийн том ялгаа нь хурууны хээ танигч. Үүнийг ашиглан та утасаа түгжиж, нээхэд үнэхээр хялбар болсон. Бас iPhone 5s нь 64 бит А7 чиптэй учир iPhone 5-аас хоёр дахин хурдан гэж байгаа. Мөн хөдөлгөөн боловсруулах тусдаа М7 процессортой учраас CPU-д ачаалал өгөхгүй юм.
iPhone 5s -ийн өөр бас нэг онцлог нь шинэ камер. Урьдынхтай адилхан 8МР боловч өргөн сенсор, том хөшигтэй учир гэрэл багатай газарт ч сайхан зураг авна. Түүнчлэн бурст горимоор хурдан зураг дарах бол True Tone флаш гэрлээр илүү сайхан зураг авах боломжтой. Үнийн хувьд өмнөхтэйгээ адилхан гэрээгүй борлуулагдах үнэ нь 649 ам.доллараас эхлэх юм.
Дэлгэц, сири гээд өөр бусад зүйлс бусад iPhone-той яг адилхан. Харин 5с, 5s нь цэнэгээ арай илүү барьдаг болсон.

5s хэнд зориулагдсан бэ?

Яг одоо iPhone 5s бол Apple хамгийн шилдэг утас учраас хэрэв та хүч шаардсан утас хэрэглэгч бол танд яг тохирсон сонголт болно. Хэдийгээр iPhone 5-тай адилхан харагдах боловч хамгаагүй хурдан, сайн камертай зэрэг давуу талуудтай. Тиймээс iPhone 5s нь тэдэнд зориулагдсан утас юм:

  • Тоглоомчид: 5s нь iPhone 5с -ээс илүү хүчирхэг 64 битийн чиптэй учраас хоёр дахин хурдан мөн М7 давхар процессортой. Тиймээс хамгийн сүүлийн шилдэг тоглоомуудыг (Infinity Blade III) суулган тоглоход гайхалтай мэдрэмжийг төрүүлэх болно.
  • Байнга Зураг авдаг хэрэглэгчид: Өмнө хэлсэн шиг адилхан мегафексилтэй боловч өргөн сенсор, том хөшигтэй учраас илүү их гэрэл оруулах чадвартай учраас сайхан зураг авна. Мөн удаан хөдөлгөөн, авто тогтворжуулагч зэрэг олон боломжийг нээж өгч байна.
  • Аюулгүй байдалд анхаарсан хэрэглэгчид: iPhone 5s -ийн хамгийн том шинэчлэл бол хурууны хээ танигч. Юу гэсэн үг вэ гэвэл iPhone 5s -тай байхад та нууц үгийн талаар санаа зовох асуудалгүй боллоо гэсэн үг. Хуруугаа дараад л утасаа нээхээс гадна, аливаа паспорт хийх шаардлагагүй апп татаж суулгана. Онолын үүднээс бол утасаа хурууны хээгээрээ цоожилно гэдэг бол хамгийн баталгаатай арга. Гэхдээ бид энэ чадвар нь iPhone 5s дээр хир ажиллахыг хараахан мэдээгүй байна.

Тэгэхээр та нууц үг, хурд, сайн зураг авахыг хүсэж байгаа бол iPhone 5s таны шилдэг сонголт болно. Ядаж л хамгийн орчин үеийн дэвшилтэд технологитой хөл нийлүүлэн алхана гэсэн үг шүү дээ.

iPhone 5с хэнд зориулагдсан бэ?


5с бол илүү хямд учраас үнэд ач холбогдол өгдөг худалдан авагчдад зориулагдсан. Гэрээтэй ердөө л 100 ам.доллараас эхэлж байгаа. Утасны хурд болон бусад зүйлсэд тийм ч их ач холбогдол өгдөггүй бол 5с танд яг тохирно:

  • Үнэд анхаардаг худалдан авагч: Apple пластик гэртэй 5с утас гаргах болсон цорын ганц шалтгаан нь хямд үнэтэй бүтээгдэхүүн гаргаж зах зээлээ тэлэх гэсэн бодлого. 100 ам.долларын зөрүү гэдэг бол Долларын ханш өссөн энэ үед бол монголын худалдан авагчдын хувьд том ялгаа юм.
  • Өнгөлөг утасанд дуртай хүмүүст: iPod-ийг эс тооцвол Apple-ийн бүтээгдэхүүнүүд олон хэв загвар өнгөний сонголт тун муу байдаг. Харин 5с бол гарцаа байхгүй өнгөлөг утас сонирхогчдод зориулсан утас юм. Дээр нь нэмээд олон өнгийн резин гэртэй учраас бүр олон сонголттой болж байна.
  • Хурд, хүч шаардсан апп нэг их ашигладаггүй хүмүүст: Яг үнэндээ бол 5с одооны iPhone 5s-тай харьцуулахад үзүүлэлт бага хэдий ч бидний хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай утас юм. Тиймээс та хэрэв өндөр хурд, график шаардсан тоглоом, апп нэг их ашиглаад байдаггүй бол 5с танд хамгийн тохирсон утас.

Үнэнийг хэлэхэд та iPhone 5 утастай бол 5с хамгийн тэнэг сонголт болно. Учир нь 5с iPhone 5-тай яг адилхан учраас утасаа өөрчлөөд хэрэггүй. Харин шинээр iPhone авахыг хүсэж байгаа хүмүүст бол 5с тун сайн сонголт, яагаад гэвэл iOS 7 бүрэн хүчин чадлаар ажиллах ба хурд хүч ердөө ч муу биш. Аа харин iPhone 5 утастай хэрэглэгч сайжруулахаар шийдсэн бол iPhone 5s шилдэг сонголт болно.

(Шинэ iPhone талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл ийшээ орно уу)

За ингээд бидний бичсэн нийтлэл таны сонголтод бага ч болов тус болсон бол бид баяртай байна. Та бүхэнд тулгараад буй зарим нэг бэрхшээл, асуулт байвал бидэнд хэзээ ч хандаж асууж болно. Бид таны асуултад аль болох үнэн зөв, хурдан хариулахыг хичээх болно.



Эх сурвалж: lifehacker.com

1 comments:

 
Toggle Footer