Ямар TV авах вэ?

10/03/2013


Та шинээр зурагт авах гэж байна уу? Эсвэл хуучин зурагтаа шинэчлэхээр төлөвлөж байна уу? Тэгэхээр ямар зурагт авах вэ? Гэсэн асуулт гарч ирнэ.
Сүүлийн үед зурагтын төрөл, үзүүлэлт, бренд, хэлбэр хэмжээ, үнэ гээд асар их сонголттой болсон боловч тэр дороос өөрт тохирсоныг сонгоно гэдэг нөгөө талаар хүнд асуудал болжээ. За тэгвэл бид та бүхний сонголтод туслаж бяцхан зөвлөгөө өгье. (Ямар компьютер авах вэ?)

Жил гарны өмнө би гэртээ зураг авах юм боловоо. Сүүлийн үед дэлгэрээд байгаа IPTV болон өндөр чанартай контент үзэх санаатай HDTV авахаар дэлгүүр ортол янз бүрийн хэлбэр хэмжээ үзүүлэлттэй зурагт ярайж байдаг байгаа. Тэгээд худалдаагчаас асуутал “энэ дажгүй шүү”, “энэ ч гэсэн сайн” “наадах чинь тун сайн” гээд яагаад сайн юм, юу нь сайн бэ гэдгийг тайлбарлаж чадах хүн байдаггүй. Тэгээд интернетээс хайж байгаад нэлээд хэдэн мэдээлэл цуглуулж авсан юм. Харин одоо миний цуглуулсан мэдээлэл над шиг нөхдүүдэд хэрэг болох байх гэж бодоод энэхүү нийтлэлийг бичсэн юм.

Нягтрал (Resolution)


1080p болон 720p. HDTV 1080p цэгийн нягтралтай тв гарснаас хойш өндөр нягтралтай тв үзэхэд хир их ялгаатай болохыг хүмүүс ярилцах болсон. 1080p (1920 x 1080) болон 720p (1280 x 720 пексл боловч ихэнх дэлгэц 1366 x 768 байдаг) гэдэг нь дэлгэцийн босоо цэгийн тоог хэлж байгаа юм. P гэдэг нь хэвтээ шугамын дагуу дараалан солигдох гэсэн утга бүхий progressive буюу нэмэгдэх гэсэн үг юм. 720p нь ихэвчлэн хямд үнэтэй мөн бага зэрэг бүрсийлгэх боловч 1080р -ийн дүрсийг ч үзүүлэж чадна.
Гэхдээ бодит байдал дээр туршиж үзэхэд энэ хоёрын ялгааг үзэгчид төдийлөн анзаарч чадахгүй байсан ажээ. Энэ нь дэлгэцийн хэмжээнээс шууд хамаарч байгаа юм. 40 инчийн дэлгэцээс бага хэмжээтэй дэлгэцэн дээр ялгаа нь төдийлөн анзаарагдахгүй.

Энэ тийм чухал уу? Ер нь бол таны телевиз дээрээ юу үзэхээс л бүх юм шалтгаална. Энгийн кабелийн телевиз эсвэл антенаар зурагт үзэх гэж байгаа бол 1080p нягтрал байхгүй учир өндөр нягтрал шаардлагагүй. Харин та телевиз дээрээ Blu-Ray кино, эсвэл сүүлийн үед дэлгэрээд байгаа IPTV үзэх гэж байгаа бол өндөр нягтралтай зурагт аваарай.
Видео тоглоомын хувьд бол арай өөр. Xbox 360 болон PS3 тоглоом тоглодог бол ихэнх тоглоом нь 720p цэгийн нягтралтай байдаг. 1080p нягтралтай тоглоом байх боловч тун ховор хэдхэн л тоглоом олдох байх. Харин IPTV-ийн хувьд 1080p нягтралтай цөөхөн хэдэн суваг байгаа боловч бүгд л хожим сайжрах нь тодорхой.

Тэгэхээр яах вэ? Ирээдүйд бүгд л өндөр нягтрал, сайн чанартай контентруу явж байгаа болохоор 1080p нь дээр байх нь. Манайд ч гэсэн сүүлийн үед 1080р цэнгийн нягтралтай хэд хэдэн монгол телевизүүд ажиллаж байгаа.


Гэрэлтэлт (Contrast Ratio)


Зурагтны хайрцган дээр Contrast Ratio гэж чухал ч юм шиг үгүй ч юм шиг нэг учир нь олдохгүй тоо байгаад байдаг. Гадуур зарагдаж байгаа ихэнх ТВ-ны хувьд гэрэлтэлт нь 150,000:1 гэсэн байдаг боловч хүмүүс үүнийг сайн мэддэггүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл гэрэл сүүдрийн (ийм нэг дуу байдаг даа) ялгаа буюу хар өнгө хир хар харагдах, цагаан өнгө хир тод харагдахыг зааж байгаа нь тэр. Тэгэхээр өндөр гэрэлтэлттэй нь илүү сайн гэсэн үг.

Энэ тийм чухал уу? Харамсалтай нь үгүй. Хайрцаган дээр байгаа тоонууд танд тийм ч чухал биш. Үнэндээ бол ТВ үйлдвэрлэгч бүр өөр өөр байдаг учраас үүнийг хэмжсэн нэгдсэн нэг арга гэж байхгүй. Тэгэхээр та дэлгүүр орохдоо энэ тоонуудыг нүднийхээ хажуугаар зүгээр л өнгөрүүлчих.


Дэлгэцийн төрөл (Picture Type)

Үндсэндээ LCD, Plasma, LED гэсэн гурван төрлийн дэлгэцтэй телевизүүд зах зээлд зарагдаж байгаа. Энэ гурав төрөл нь тус бүрдээ өөрсдийн давуу болон сул талуудтай. Аль нь танд хамгийн сайн тохирохыг сонгох нь таны хэрэглээнээс л хамаарна.

  • LCD: LCD (liquid crystal display буюу шингэж талст дэлгэц) бол дэлгүүрүүдээр хамгийн их зарагддаг түгээмэл дэлгэц юм. Нэрнээс нь ч хархад зургийг шингэн талст болон CCFL(cold-cathode flourescent lamp)-ийн гэрлээр харуулдаг. LCD дэлгэц түгээмэл тархах болсон шалтгаан нь гэрэлтэлт болон дэлгэцийн хэмжээтэй холбоотой. Хэрвээ та өргөн хананы голд дэлгэцээ өлгөөд аль нэг булангийн хурц өнцгөөс харвал танд дүрс харагдахгүй болно. Дэлгүүрт явж байхдаа та хурц өнцгөөс хараад шалгаж үзээрэй, дэлгэц харлахыг анзаарах болно.
  • Plasma: Plasma зурагт нь посфор ашиглан дүрсийг дэлгэц дээр харуулдаг учраас хойноо ямар нэгэн гэрэл байхгүй. Тиймээс Plasma зурагтууд LCD шиг харах өнцгөөс шалтгаалж харанхуй болно гэж байхгүй. Тэгэхээр хэчнээн том өрөөнд тавьж булангаас харж байсан ч дэлгэц дээр дүрс хэвийн харагдах болно. Гэхдээ дэлгэц дээр нэг дүрс хөдөлгөөнгүй хэт удаан байвал халалтаас үүдэн дэлгэцийн гадаргын шил нь түлэгдэж, дэлгэц дээр дүрс үлдэх аюултай. Тоглоом тоглож байгаад эсвэл кино үзэж байгаад pause аваад хэдэн цагаар асаалттай үлдээвэл асуудал үүсэх болно. Гэвч сүүлийн үед арай сайжирч халалт нь ч багассан.
  • LED: LED (light emitting diodes) бол CCFL-ийн гэрлийг LED гэрлээр орлуулсан LCD дэлгэц юм. LED зурагт нь нөгөө хоёрыг бодвол арай үнэтэй боловч цахилгаан бага зарцуулах сайн талтай.

Аль нь дээр вэ?: Plasma дэлгэц нь харанхуй орчинд үзэхэд мөн спорт мэтийн хурдан солигддог дүрс үзэхэд тохиромжтой. LCD бол бүх төрөлд тохиромжтой боловч супер нимгэн, цахилгаан зарцуулалт багатайг сонирхож байгаа бол LED дэлгэцийг сонгоорой.


Дэлгэцийн Хурд (Refresh Rate)


Зурагт сонирхож явахад ийм нэг мэдэхгүй техникийн үзүүлэлттэй та таарч байв уу? Ерөнхийдөө үндсэн гурван үзүүлэлт бий: 60Hz, 120Hz, 240Hz. Энэ нь таны авах гэж байгаа телевизийн дүрс солигдох хурдыг илэрхийлсэн тоо юм. Онолоор бол өндөр хурдны үзүүлэлттэй дэлгэц нь дүрсний солигдолт хамгийн сайн гэсэн үг.


Энэ тийм чухал уу? “Чухал байлгүй яах вэ? Өндөр хурдтай нь л сайн биз дээ?” гэж та бодож байгаа байх. Таны зөв. Гэхдээ хүлээгээрэй! Манайд өндөр хурдтай контент хир олон байгаа билээ? Харамсалтай нь байхгүй. Өөрөө хэлбэл бидний тв-р үзэж байгаа бүх контетууд дээд тал нь 60Hz хурдтай байдаг юм. Бүр Blu-Ray үзсэн ч ялгаагүй, PS3 тоглосон ч ялгаагүй. Нэгэнт цаанаас ирж байгаа контентын хурд ийм болохоор хичнээн 240Hz хурдтай тв байсан ч адилхан гэсэн үг. “Тэгвэл дэлгүүрт байгаа зурагт яагаад маш зөөлөн эсвэл хурц харагдаад байна вэ?” гэж та асууж магадгүй. Учир нь тэд тухайн дэлгэцэнд тусгайлан зориулсан контентийг HDBOX ашиглан гаргадаг ба motion blur зэрэгийг ашигладаг. Тэгэхээр Hz тийм ч чухал биш.


Холболтууд (Connections)


Энэ бас л таны хэрэглээнээс хамаарна. Хэрэв та олон төрлийн төхөөрөмж ашигладаг бол олон оролттой зурагт хэрэг болох нь дамжиггүй. Энд сүүлийн үеийн HDTV-д байдаг түгээмэл оролтуудыг тайлбарлъя:


  • HDMI: HDMI (High-Definition Multimedia Interface) бол өндөр чанартай дуу дүрсийг зэрэг дамжуулах зориулалт бүхий интерфейс юм. Энэ бол сүүлийн үеийн төхөөрөмжүүдийн хамгийн түгээмэл оролт тул олон байвал сайн гэсэн үг. Харин холбогчийн тусд нь авах гэж байгаа бол үнэ чухал биш.
  • Component Input: Энэ бол pre-HD буюу HDMI-ийн аналог хувилбар юм. Үүнийг DVD тоглуулагч, Wii консул, PS2 зэрэг арай хуучны төхөөрөмжүүд ашиглахад зориулагдсан юм.
  • S-Video: S-Video бол аль дээр үеийн л видео хөрвүүлэгч оролт боловч орчин үеийн ТВ-дэд амь бөхтэй байсаар байдаг. Үүнийг мэдсэн мэдээгүй, та хэзээ ч хэрэглэхгүй байх.
  • Composite Video болон RCA: Энэ кабелийн оролтууд нь яагаав нөгөө шар (дүрс), улаан, цагаан (дуу) гурван кабел шүү дээ. Энэ оролтоор өндөр чанартай дүрс дамжих боломжгүй учраас HDTV-үүдэд энэ оролт ямар ч хэрэггүй. Гэхдээ хэрэв танд бас л хуучин видео бичигч, тоглуулагч байдаг бол хэрэг болж болох л юм.
  • USB: USB оролтоор та флаш холбоод зураг, дуу бүр видео ч үзэх боломжтой. Ер нь л их хэрэг оролт шүү.

Энэ тийм чухал уу? Түрүүн хэлсэн шиг орчин үеийн бүх төхөөрөмжүүд HDMI дэмжих боломжтой болсон тул аль болох олон HDMI оролттой зурагт ав. Танд PS3 эсвэл Xbox, Blu-Ray, HDCamer дээр нь IPTV байгаа бол дор хаяж дөрвөн HDMI оролт хэрэг болно гэсэн үг. Миний хувьд гэвэл зурагт аваад жил гаруй болсон ч HDMI болон USB оролтоос өөр оролтыг нь ер ашиглаж үзээгүй. Цаашдаа ч шаардлага гарахгүй биз. 

Хамгийн сүүлд OLED гэж гарсан боловч асар үнэтэй (дунджаар 10,000 ам.доллар) манайд орж ирээгүй байгаа. Тархац ховор байгаа шалтгаан нь үнэ дээр нь нэмээд контентын чанартай холбоотой болов уу. Хэрвээ уншигчид сонирхож байвал бид дараа нь энэ дэлгэцийн талаар тайлбарлах болно.


За ингээд бидний бэлтгэсэн бяцхан зөвлөгөө танд тус болно гэдэгт найдаж байна. Дараагийн удаа бид дэлгэцийн технологийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлах болно.


0 comments:

Post a Comment

 
Toggle Footer