Барууны Шидтэн Никола Тесла

10/11/2013

Хувьсах гүйдлийг тогтмол гүйдлээс илүү хол дамжуулах боломжтой гэдгийг 1880 онд хүмүүс мэддэг байсан ч тогтмол гүйдлийг л ихэнх тохиолдолд ашигладаг байсан байна. Учир нь нь юу вэ гэвэл найдвартай ажиллах хувьсах гүйдлийн мотор болон бусад төхөөрөмжүүдийг бүтээж чадахгүй байсанд юм. 


Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд олон жилийн турш эрдэмтэн судлаачид ажиллаж байсан ч амжилтанд хүрч чадахгүй л байлаа. Харин тогтмол гүйдлийн систем хөрөнгө оруулсан томоохон байгууллагуудын хувьд хувьсах гүйдэл өөрсдийн ашиг сонирхолд муугаар нөлөөлөх байсан тул энэ тал дээр ажилладаггүй байв. Тогтмол гүйдлийн системээ байлгасаар байхад тэд зах зээлийг эзэмшсээр л байхаар байсан.

Харин энэ бүхнийг өөрчилж хүн төрөлхтнийг 20-р зуунд аваачсан хүн бол олны дунд "The Wizard of the West" буюу "Барууны Шидтэн" нэртэй болсон Никола Тесла юм.

Тэрээр 1856 онд Австри-Венгерийн эзэнт гүрэнд тухайн үед багтаж байсан Хорватад төрсөн байна. Түүний эцэг нь үнэн алдартны сүмийн лам харин эх нь гэр бүлийн тариаланг хариуцсан фермер байсан байна. Тэрээр Гразын Политехникийн их сургуульд физик мөн Прагийн их сургуульд философи судалж байжээ. Гэвч 28-тай байхдаа төлбөрийн асуудлаас болж сургуулиасаа гарах шаардлагатай болсон байна. Тэрээр сурч байх үедээ хувьсах гүйдлийн төхөөрөмжүүд дээр судалгаа их хийсэн бөгөөд тухайн үеийн төхөөрөмжүүдийн сул талыг арилгах талаар боддог байв.

1882 оны нэгэн өдөр Белградын цэцэглэгт хүрээлэнгээр найзтайгаа цуг явж байхдаа гэнэт яриагаа таслан хөлдсөн мэт хөдөлгөөнгүй зогссон байна. Яг л тэр үед түүний толгойд хувьсах гүйдлийн шинэ төхөөрөмжийн санаа нь орж ирсэн байна. Түүний найз юу болсныг мэдэлгүй түүний сандал дээр аваачин суулгах гэтэл тэрээр эсэргүүцэж харин өөрийн шинэ моторын санаагаа элсэн дээр зурсан байна.


Тэрээр яг энэ л санаагаа 6 жилийн дараа "American Institute of Electrical Engineers"-д танилцуулсан бөгөөд энэ нь зөвхөн нэг мотор ч биш хүн төрөлхтнийг дараагийн эринд авчрах гайхалтай бүтээл байлаа.  Гэсэн хэдий ч тэр 6 жил түүний хувьд хүнд хэцүү цаг үе байсан юм.

Ийнхүү тэрээр энэхүү гайхалтай санаагаа олсны дараа Томас Эдисон түүний санааг дэмжих байх гэж найдан АНУ-ыг зорьжээ. Тэрээр Эдисонтай уулзаж өөрийн шинэ санаагаа танилцуулсан ч Эдисон түүнийг нь хүлээж аваагүй байна. Эдисон Ж.П.Моргантай хамт тогтмол гүйдлийн төхөөрөмжүүд дээрээ их хөрөнгө оруулалт хийсэн байв. Эдисон түүний санааг хүлээн аваагүй ч түүнийг ажилд авсан байна. Мөн түүнээс гадна тогтмол гүйдлийн генераторыг нь сайжруулж өгвөл 50,000$-оор шагнана гэж хүртэл ам өгсөн байна. Тесла ийнхүү түүний генераторыг нь сайжруулж өгсөн ч Эдисон түүнд "Тесла чи америкийн наргианыг ойлгохгүй юм даа" гэж хэлсэн бөгөөд түүнд амалсан мөнгөө өгөөгүй байна.

Үүнд дургүй нь хүрсэн Тесла ажлаасаа гарч хэсэг хугацаанд амьдрал нь хүнд байсан ч тэрээр эцсийн эцэст түүний шинэ хувьсах гүйдлийн санааг нь санхүүгээр дэмжих санхүүжүүлэгч олсон байна. Удалгүй тэрээр өөрийн шинэ хувьсах гүйдлийн мотор, дамжуулах систем мөн трансфорторуудынхаа патентыг авчээ. Энэхүү гайхалтай шинэ патентуудын талаарх мэдээлэл олонд тарж удалгүй түүнийг "American Institute of Electrical Engineers"-ээс урьж илтгэл тавихыг хүссэн байна. Тэрээр түүний шинэ санаа нь хүмүүсийг гайхшруулж чадсан бөгөөд түүний бүтээлүүд нь яах аргагүй ирээдүйд хүрэх зам болсон байна. Энэ явдлын дараа тухайн үеийн том бизнесменүүдийн нэг Жорж Вестингхаус түүний бүтээлүүдийг сонирхож эхлэх болжээ.


Вестингхаус улс даяар цахилгаан эрчим хүч дамжуулахыг хүсдэг байсан бөгөөд үүнд хүрэхийн тул хувьсах гүйдэл ашиглах хэрэгтэй гэдгийг мэддэг байсан ч Теслагийн шинэ санаа гартал түүний хүслийг биелүүлэх төхөөрөмж байгаагүй байна.


Ингээд Вестингхаус Теслагийн патентыг худалдан авч шинэ хувьсах гүйдлийн системүүдийг үйлвэрлэж мөн Теслаг зөвлөхөөр ажилд авсан байна.

Ингээд зарагдсан төхөөрөмж бүрээс Тесла хувь хүртэхээр гэрээ Вестингхаустай хийсэн байна.

Энэ амжилтууд нь Эдисон болон Морганд том цохилт болсон бөгөөд тэдний тогтмол гүйдлийн системүүд хувьсах гүйдлийн системийг гүйцэх ямар ч аргагүй болсон байна. Харин Теслатай шинэ бүтээл гарган өрсөлдөхийн оронд хувьсах гүйдэл хэрэглэгчийг 6 сарын дотор алах болно гэх мэтээр хар суртал ухуулаг явуулж эхэлсэн байна. 

Мөн Вестингхаус болон Морганы хооронд өрсөлдөөн үүссэн байна. Морганы хувьд тогтмол эсвэл хувьсах гүйдлийн аль сайн хамаагүй байсан бөгөөд харин гол энэ зах зээлийг эзлэх л зорилготой байв. Ийнхүү Вестингхаустэй гэрээ хэлцэл хийх гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн байна.

Гэрээ хэлцэл хийж чадаагүй учраас Морган "Wall Street"-д Вестингхаус-ын санхүүгийн байдал тогтворгүй байгаа гэсэн шуугиан үүсгэсэн байна. Энэ нь үр дүнгээ өгч Вестингхаус дампуурлын ирмэг дээр ирсэн бөгөөд мөн тэрээр Тесла-д маш хэмжээний өртэй болсон байна. Энэ их өрнөөс салж байж л өөрийн компаниа аврах боломжтой гэдгийг мэдсэн тэрээр Тесла дээр очиж үүссэн бүх байдлаа тайлбарласан байна.


Харин Тесла түүнд доорх хариултыг хэлжээ.

"Mr. Westinghouse, you have been my friend, you believed in me when others had no faith; you were brave enough to go ahead... when others lacked courage; you supported me when even your own engineers lacked vision... you have stood by me as a friend...
Here is your contract, and here is my contract. I will tear both of them pieces, and you will no longer have any troubles from my royalties. Is that sufficient?"

"Ноён Вестингхаус, та бол миний анд, бусад надад итгээгүй байхад та надад итгэсэн, бусдын зориг хүрээгүй тэр үед та ургаш явах зориг гаргасан. Таны инженерүүд хүртэл ирээдүйг харж чадаагүй байхад та намайг дэмжсэн. Та миний дэргэд анд найз минь байсан.
Энд таны гэрээ байна мөн энд миний гэрээ байна. Би одоо үүнийг хэдэн хэсэг болгон урлаа, ингээд та надад ямарч өргүй болно. Энэ бүхэн хангалттай биз дээ?"

Ийнхүү тэрээр Вестингхаусын бизнесийг аварсан байна.


Удалгүй хувьсах гүйдлийн системүүд өргөн тархаж Теслагийн дизайны дагуу хийгдсэн төхөөрөмжүүдийг хаасайгүй хэрэглэх болжээ.

Гэхдээ энэ бүхэн нь түүний гайхалтай бүтээл болон санаануудын зөвхөн эхлэл нь байсан юм. Тэрээр 86 нас хүртлээ цаг үеээсээ давсан олон санаа бүтээлүүдийг бүтээсэн бөгөөд түүний талаар маш олон нууц байдаг юм. 1943 онд Нью Йоркын зочид буудалд тэрээр бараг сохор зоосгүйгээр нас баржээ. Харин түүний ажиллаж байсан шинэ төхөөрөмжүүдийн санаа болон патентуудыг засгийн газраас нууцалсан байдаг.



Эх сурвалж: flyingmoose.org

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer