Гадаад Хэл Сурахад Хэрэгтэй Шилдэг Таван Хэрэгсэл

10/23/2013

Шинэ хэл сурна гэдэг тун хэцүү учраас гадуур хэл сурахад тусална гэсэн ном, багаж хэрэгсэл түмэн янзаараа зарагдаж байгаа. Зарим нэг нь үнэхээр тус болдог бол зарим нь зүгээр л мөнгөний гарз байх нь олонтой. Манайд бол хамгийн их борлогдож байгаа нь Арго багшийн л ном байх. Манай дэлхийн түгээмэл хэрэглэгддэг бараг бүх хэл дээр л ном гаргасан хүн бол Арго. Түүний лекцэнд суулаа сүр сар англи хэл сурлаа, номыг нь худалдаж аваад уншлаа сүр сар солонгос хэлтэй боллоо. Ингэж богино хугацаанд гадаад хэл сурчихдаг бол ямар сайхан бэ? Гэвч хэл сурахад хялбар дөт зам гэж хаана ч байдаггүй нь харамсалалтай. Гэхдээ Арго багш бол муу хүн биш сайн бизнесмен. Гол буруутан нь залхуу зангаасаа болж хялбар зам хайж хайран цаг, мөнгөө цацсан нь л манай залуусын буруу.
Гэхдээ энд хэн нэгнийг шүүмжлэх эсвэл буруутгахыг бус харин гадаад хэл сурахад үнэхээр тус болохуйц үр дүнтэй багаж, хэрэгсэлийг л танилцуулах гэсэн юм. (Манай intechmongolia болог өмнө нь оюутнуудад зориулж хэрэгцээт програмын багц танилцуулж байсан)




Anki Монголоор “цээжлэх” гэсэн утгатай Япон үг. Anki бол флашкарт програм бөгөөд 2006 оноос хойш хөгжүүлэгдэж ирсэн үг цээжлэхэд тун хэрэгтэй багаж. Anki танд үг, хэлц үг, өгүүлбэр, зураг үзүүлж, дуу тоглуулах ба утгыг нь харуулах, өдөр, долоо хоног, сараар давтан харуулах учраас үг цээжлэхэд тун хэрэгтэй. Anki хэл сурахад хэрэгтэйгээс гадна зураг дүрс, томьёо, нэр гэх мэт олон материалыг цээжлэхэд тун хэрэгтэй програм юм. Anki -ийн санд маш олон хэлийн багц байгаа бөгөөд монгол хэлнийх ч хэд хэд бий. Миний хувьд мөн уг програмийг хэдэн жилийн өмнө хэрэглэж байсан ба англи – монгол хэлний түгээмэл үгийн санг хийсэн байгаа.
Anki нь үнэгүй (хөгжүүлэгчдэд туслахыг хүсвэл мөн хандив өгч болно) бөгөөд олон-платформ (Windows, OS X, Linux/BSD, iOS, Android, веб клиент) дээр ажиллана.

Татах: Anki
Англи - Монгол хэлний док: Татах




Memrise үг цээжлэхээс арай илүү бөгөөд түүх болон тодорхой шинжлэх ухааны чиглэлийг дагнаж сурахад тун тохиромжтой. Уг програм нь мөн флашкарт хэлбэрээр ажиллах бөгөөд дүрс, зураг гээд цээжлэхэд хэрэг болох хэрэгтэй жижиг багажуудыг өөртөө багтаасан байдаг. Ер нь бол цээжлэх дээр суурьлдаг боловч өөрийн сонгосон хэлээ сурахад хөгжилтэй байдлаар зохион байгуулсан програм юм. Түүнчлэн тоглоом шиг шат бүрд оноо авч таны чадвар дээшлэх тусам бусад суралцагсадтай өрсөлдөх боломжтой. Уг програмийг хэрэглэж үзэхээсээ өмнө ямар үр дүнтэй хэрэгсэл болохыг нь мэдэхийг хүсвэл бусад хэрэглэгчдийнсургалтын самбарыг харна уу?

Memrise бол үнэгүй, веб-апп бөгөөд iOS, Android хувилбар байгаа учраас хүссэн цагтаа суралцах боломжтой юм. Memrise хэрэглэгчдийн хамгийн их магтдаг зүйл нь үнэгүй, шинэ хэл сурахад хөгжилтэй, цээжлэх, давтах байдлаар хичээлүүд нь явагддаг юм байна. Курс хичээлүүд нь үнэхээр сонирхолтой учраас богино хугацаанд шинэ хэл сурахад тустай ажээ. Та туршаад үзээрэй.



Duolingo бол үг өгүүлбэр цээжлэхээс арай өөр хэлбэрээр хэл сурах хэрэгсэл юм. Duolingo бол интернетэд дахь веб хуудасуудыг орчуулах хэлбэрээр хэл сурахад тусалдаг. Duolingo нь тодорхой хэл сурах хөтөлбөр, хичээл байгаа бөгөөд тэдгээр хичээлүүд нь таны сонирхдог, унших дуртай веб-үүдийг орчуулж ойлгох хэлбэрээр шинэ хэл сургадаг учраас бусдаас тун онцлог. Мэдээж та тухайн хэлийг сурахын тулд орчуулга хийх нь уг хөтөлбөрийн хамгийн чухал хэсэг юм. Дуудлага сайжруулах хөтөлбөр байгаа боловч тэр нь гол хөтөлбөр биш юм. Бусад хэл сурах програмийг бодвол Duolingo нь цөөхөн гадаад хэлийн багцтай боловч хичээлүүд нь бусад курстэй харьцуулбал маш баялаг. Курсууд нь мөн л тоглоом хэлбэртэй ба курс болгоныг дүүргэхдээ оноо авч, дүүргэж чадахгүй алдаа гаргавал “амь” -аа алдах болно. Амиа олон удаа алдвал тухайн курс хичээлийг эхнээс нь эхлэх болно.
Duolingo-ийн хамгийн лаг зүйл нь шат ахих тусам таны өсөлтийг харуулах явдал юм. Duolingo нь таны гаргасан алдаанаас суралцаад ямар төрлийн асуултад та алдаж байгааг тань судлаад тэдгээрийг дахин харуулах болно. Мөн л үнэгүй бөгөөд iOS, Android хувилбар дээр ашиглах боломжтой учраас үнэхээр догь.



Pimsleur Method бол дээрх хэрэгслүүдээс арай өөр суралцагсдын сонсох, ярих чадварыг хөгжүүлэхэд түлхүү анхаардаг курс юм. Суралцагсдад дуудлагаа сайжруулахад чиглэгдсэн сургалттай учраас тухайн хэлээр дуудлагыг зөв тод олон дахин давтан дуудаж өгдөг. Уг курс маань дуудлага, үг цээжлэхэд тустай боловч ярих, ярьснаа бусдад ойлгуулах, унших уншнаас ойлгох чадварыг мөн давхар олгодог. Дасгал нь 30 мин үргэлжлэх ба сурч байгаа хэл дээрх эх материалыг чанга зөв дуудах явцдаа шинэ хичээлийг сурах бүрд урд нь үзсэн курсийн үг хэллэгийг давхар оруулж өгдөг учраас цээжлэхэд үнэхээр тустай. Pimsleur нийт 50 гадаад хэл багтсан бөгөөд ганцаарчилж эсвэл байгуулагаар суралцахад аль алинд тохиромжтой.
Pimsleur бол арилжааны бүтээгдэхүүн учраас хэрэглэхийг хүсвэл та мөнгө төлөх шаардлагатай. Гэхдээ курс бүрд өөр учраас тухайн сонгосон хичээлээс шалтгаалж төлбөр нь өөр өөр. Веб апп, мобайл апп бас байгаа учраас та хүссэн хэлбэрээр курсээ судлах боломжтой. Эхний 30 минутын хичээл үнэгүй учраас ямар хичээл болохыг нь та туршаад үзэж болно.




Livemocha бол маш өргөн хэрэглэгчдийг хамарсан (200 улсын 12 сая хүн холбогдсон) олон янзын хөтөлбөртэй нийт 38 хэл дээрх курс юм. Livemocha нь 2007 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн ба бүх агуулга нь үнэгүй юм. Livemocha-ийн гол агуулга нь суралцаж буй хэл дээрээ тухайн орны хүнтэй харилцах, чатлах, видео дуудлага хийх байдлаар хэл сурдаг учраас бусад хөтөлбөрөөс арай өөр. Түүнчлэн ганцаарчилсан хувийн сургалт ч авч болно. Livemocha нь мөн олон нийтийн сүлжээ ашигладаг тул гадаад хэл сурах нь дарамт бус харин сонирхолтой зүйл болж хувирдаг. Та тухайн хэл эх хэлтэй хүнтэй ярилцаж түүнээс сургалт авах учраас өөрөө сурах тусам бусад хүмүүстэйгээ бас хуваалцах үүрэгтэй.
Livemocha-г саяхнаас Rosetta Stone худалдаж авсан боловч үйлчилгээ нь хэвээрээ байгаа. Livemocha-ийн хичээлүүд нь бүх хэлдээрээ баялаг учраас суралцагч нь бүрэн сургалт авахаас гадна бүх хичээл нь үнэгүй. Хэрвээ үнэгүй хичээлээс өшөө цаашаа суралцахыг хүсвэл та хэтэвчээ нээх шаардлагатай. Жилийнх нь төлбөр 99 доллар, сарынх нь 9.95 доллар.


За ингээд бидний зүгээс танд хүргэж байгаа гадаад хэл сурах хамгийн шилдэг хэрэгслүүд эдгээр юм. Дахин хэлэхэд ямар ч сайн хэлний курст явж сайн багшаар заалгаж, эсвэл сайн ном авсан ч тухайн хүн л оролдлогогүй бол гадаад хэл сурна гэдэг дашиншог. Харин та үнэхээр гадаад хэл сурахыг хүсэж байвал, ертөнцийг арай өргөн цонхоор харахыг хүсэж байвал өөрийгөө дайчлаарай. 

Дээрх курсүүд нь олон жил хөгжүүлэгдэж олон улсын олон янзын хүмүүст тус болж байсан учраас танд ч гэсэн тус болно гэдэгт итгэж байна. Энэхүү курсүүд хэлний курсийг бодвол үнэгүй, бас орон зай цаг хугацаанаас үл хамаарах тул айл бүр интернетэд холбогдсон манайх шиг жижиг орны хувьд маш тохиромжтой юм.

Танд амжилт хүсье!

3 comments:

  1. би зөвлөж байна penpaland хэл солилцооны дээр суурилсан вэб сайт
    Aндроид : http://app.appsgeyser.com/Penpaland

    ReplyDelete
  2. Энэ сайтыг www.letspal.com санал болгоно уу

    ReplyDelete

 
Toggle Footer