Япон стандартын гар дээр монгол үсгүүдийг байрлуулсан нь |
МакОС үйлдлийн систем дээр гарын драйверийг өөрийн хүссэнээр зохиож, ашиглах боломж байдаг ба өнөөдөр та бүхэнд энэ аргыг танилцуулах гэж байна. Шинэ гарын драйвер үүсгэхэд ашигладаг Ukulele программ нь "SIL International" хэл шинжлэлийн хүрээлэнгийн өмч бөгөөд, интернетэд үнэ төлбөргүй байрлаж байдаг. Энэхүү программын тусламжтайгаар өөрийн хүсэл сонирхолд нийцсэн шинэ гарын драйверийг үүсгэж болно. Олон улсын стандартад нийцэхгүй гар хэрэглэдэг бол түүндээ тохирсон олон улсын стандарт драйверийг үүсгэж болно. Мөн эвдрэлтэй, зарим нэг товч нь ажиллахгүй болсон гарны ажиллахгүй болсон товчийг түгээмэл хэрэглэгддэгүй товчинд байрлуулах замаар эвдрэлтэй гараа эвдрэлгүй мэтээр ашиглаж болох юм.
Ингээд аргатайгаа танилцъя.
- Юуны өмнө энэ сайтаас программаа татаж авна.
- Бусад программуудын адил DMG файлаа задалж, Applications хавтас руу буюу хэрэглээний программын сандаа хуулна.
- Программаа нээн ажиллуулна. Шинэ гарын драйвер үүсгэхийн тулд File/New цэс рүү орно
- Шинэ драйвер үүсгэхээр нээхэд таны хэрэглэж байгаа компьютерийн гарны хэлбэр дүрс ямар ч тэмдэгтгүй, хоосон харагдана. (Зурагт үзүүлснээс өөр хэлбэртэй байж болно гэсэн үг)
- Товч бүр дээр үсгүүдээ байрлуулж өгнө. Ингэхийн тулд дэлгэцэн дээр харагдаж буй гарын аль нэг товчин дээр хулганаар 2 дар. Тэгэхэд тэмдэгт оруулж өгөх цонх нээгдэх болно. Тэмдэгт бичих хэсэгт тухайн товчинд оруулахыг хүссэн тэмдэгтээ оруулж өгөөрэй. Тэмдэгт оруулахын тулд өөр гарын драйвер ашиглах юм уу, эсвэл бэлэн текстээс Copy/Paste хийх замаар нэг нэгээр нь хуулаад тавьж болно. Энэ мэтээр товч бүрт харгалзах тэмдэгтийг оруулж өгөөрэй. Shift болон Caps Lock товчийг ч дарж байгаад бүх товчуудаа тэмдэгтээр дүүргэх хэрэгтэй. Түүнчлэн Space товчинд ч хоосон зай оруулж өгөхөө мартав аа!
- Одоо шинээр үүсгэсэн гарандаа нэр өгнө. Тэгэхийн тулд Keyboard/Set Keyboard Name цэс рүү орж, New Keyboard гэсэн нэрийг өөрийн хүссэн нэрээр өөрчилж бичнэ. Энэ бол файлын нэр биш бөгөөд, драйверийг компьютерт суулгасны дараа таны гарын драйверийн санд байрших нэр юм шүү. Тэгэхлээр ямар нэг улсын нэрээр өгчихвөл стандарт сангийн нэртэй давхцах асуудал гарах учраас ямар нэг содон нэр сонгож өгвөл дээр байх.
- Дээрхи бүх үйлдлийг хийгээд дууссан бол үүсгэсэн файлдаа нэр өгөөд, тодорхой байрлалд хадгална.
- Одоо үүсгэсэн шинэ гарын драйвераа компьютертаа суулгая. Энэ маш хялбархан. Саяын үүсгэсэн файлаа ~HDD/Library/Keyboard Layouts гэсэн хавтаст хуулна. (Суулгах заавыг нь Mac OS X 10.8 буюу Mountain Lion үйлдлийн системд нийцүүлж бичсэнийг анхаарна уу. Таны үйлдлийн системийн хувилбар ондоо бол файлын байрших зам ондоо байж болзошгүйг анхаарна уу!)
- Санд хуулсан драйвераа хэрэглээнд байгаа драйверийн сандаа хуулъя. System Preferences/Language and Text - ийг нээж, Input Sources жагсаалтыг нээ. Энэ жагсаалтаас таны ашиглаж байгаа драйверууд сонгогдсон байгаа. Мөн таны шинээр үүсгэсэн гарын драйвер энэ жагсаалт дотор байгаа. Одоо өөрийнхөө үүсгэсэн жагсаалтыг сонгож чагтла. (Энэ талбарын доод хэсэгт байгаа Show input menu in Menu bar гэсэн сонголт идэвхитэй байх ёстой шүү)
- Word, Excel-ээ нээгээд санасныхаа зоргоор бичээрэй. Амжилт хүсье. Зөвлөмжтэй холбоотой санал хүсэлтээ сэтгэгдлээр үлдээнэ үү!
0 comments:
Post a Comment