Зөвлөлтийн Сарны Төслийн Хувь Заяа

1/12/2014

Н-1 (“Носитель-1”)  бол эхний шатны хамгийн хүчирхэг тээврийн пуужин юм.  Н-1 пуужингийн төсөл нь ОКБ-1 (“Опытное Конструкторское Бюро”)-д Сергей Королёвын удирдлаган доор эхэлсэн байна. Анхнаасаа сансарт цэргийн зориулалт бүхий хиймэл дагуул болон Ангараг гаригийн тойрог замруу сансрын нисгэгчтэй нислэг хийх зориулалттай гэж тодорхойлогдсон байна. Мөн ачааны даацаар 50 тонн байхаар төлөвлөж байжээ (гэвч даацаараа төлөвлөгөөндөө хүрээгүй).



Н-1 пуужинг бусад пуужингуудтай харьцуулах нь

Н-1 бол Н серийн пуужингууд дотроосоо хамгийн том байсан бөгөөд Н-1-ээс гадна арай бага даацын Н-2 мөн бага даацын Н-3 гэсэн төрлүүдтэй байхаар төлөвлөж байжээ. Мөн Н-3 нь Р-7 пуужинг орлох загвар нь байжээ.

Бусад "Н" серийн пуужингийн загварууд
АНУ 1961 онд саран дээр хүн буулгах өөрсдийн зорилгоо олон нийтэд зарласан ч гэсэн Н-1-гийн төсөл зөвхөн 1965 оны 10 сараас л эхэлсэн байна. Тэр үед АНУ өөрсдийн “Saturn V”-гийн тэднээс 4 жилийн давуу байдалтай байв.

Н-1-ийг саран дээр хүргэхийн тулд хамгийн эхэлж сайн тийрэлтэт хөдөлгүүр хэрэгтэй байжээ. Тухайн үед ЗХУ-ийн пуужингийн тийрэлтэт хөдөлгүүр дээр хамгийн их туршлагатай зохион бүтээгч нь Валентин Глушко байв. Гэвч Валентин Глушкод саранд хүргэж чадах тийм том хэмжээний хөдөлгүүр дээр ажиллах боломж бололцоо мөн санхүүжилт байгаагүй юм. Харин улсын удирдлагууд Королёвыг америкчуудаас өмнө саран дээр хүн буулга гэсэн шахалт үзүүлж байжээ. 

НК-33 хөдөлгүүр
Тиймээс Королёв Глушко дээр очиж саранд хүргэж чадах том хэмжээний тийрэлтэт хөдөлгүүр шаардсан байна. Гэсэн ч Глушко санхүүжилт муу мөн тийм хөдөлгүүр хийхэд цаг хугацаа их орно гэж маргалдсан. Тиймээс Королёв өөр хөдөлгүүрийн зохион бүтээгчээр Н-1 пуужингийн хөдөлгүүр хийлгэх хэрэгтэй болжээ. Ингээд тэрээр ОКБ-276-гийн Николай Кузнецовоор хөдөлгүүрээ хийлгэхээр болсон байна. Кузнецов нисэх онгоцны хөдөлгүүр хийдэг байсан бөгөөд пуужингийн хөдөлгүүр дээр ажиллаж байгаагүй юм. Ингээд Кузнецов өндөр үр ашигтай хөдөлгүүр зохион бүтээх хэрэгтэй болжээ. Тиймээс Н-1 пуужинд ашиглах жижиг хэмжээний НК-15 хөдөлгүүрт тухайн үед ашиглаж байгаагүй шинэ аргыг ашиглахаар болжээ.

Пуужингийн хөдөлгүүрийн ажиллах зарчим нь түлш болон исэлдүүлэгчийг холиж шаталт үүсгэх явдал юм. Савнаас гарч байгаа түлш болон исэлдүүлэгчийг шаталтын хэсэгт холиход өндөр хэмжээний даралт үүсэх бөгөөд даралт нь нарийн хоолойгоор дамжиж өргөн хоолойгоор гадагшлах юм. Ингэж дэлхийн татах хүчнээс илүү дээш чиглэсэн даралтын хүч гаргаснаар пуужин хөөрнө.

Пуужингийн тийрэлтэт хөдөгүүрийн бүтэц

Тийрэлтэт хөдөлгүүр нь дотроо олон төрөл байдаг бөгөөд тухайн үед ихэнхдээ Задгай циклийн хөдөлгүүр ашигладаг байжээ. Тийрэлтэт хөдөлгүүр дотор бас нэгэн жижиг хэмжээний шаталтын хэсэг байх бөгөөд түлш болон исэлдүүлэгчийн савнаас ирж байгаа хэсгээс бага хэмжээг авч шаталт үүсгэж хөдөлгүүрийн турбинуудыг ажлуулдаг байна. Энэ төрлийн хөдөлгүүр нь шаталтаас үүссэн газыг шууд гадагшлуудаг байна.

Задгай циклийн хөдөлгүүр. "Pre Burner" хэсгээс газ нь гадагш гарч байна (Улбар шараар).
Харин Хаалттай циклийн хөдөлгүүр нь турбиныг эргүүлэх үеийн шаталтын газыг гадагш биш харин гол шаталтын хэсэгрүү шууд дамжуулдаг байна. Тиймээс ч энэ төрлийн хөдөлгүүр үр ашгийн хувьд илүү юм.

Хаалттай циклийн хөдөлгүүр. "Pre Burner"-оос гол шаталтын хэсэгрүү шууд холболттой (Улбар шараар).
Гэвч Хаалттай циклийнхөдөлгүүрийн төрлийг илүү аюултай гэж үзэн ашигладаггүй байжээ.  Аюултай ч гэсэн Н-1 пуужинг хөөргөхийн тулд маш их үр ашигтай өндөр хүчин чадал бүхий хөдөлгүүр хэрэгтэй байв.

Н-1 пуужинг нислэгт бэлдэх явц

Н-1 пуужин 105 метр өндөр, 2,735,000 килограмм жин бүхий, 5 шатлалтай аварга том пуужин байсан бөгөөд үүнийг хөөргөхийн тулд НК-15төрлийн 30 ширхэг тийрэлтэт хөдөлгүүр эхний шатанд хэрэгтэй болсон байна. Тиймээс энэ нь маш том асуудал болжээ. Учир нь олон тооны хөдөлгүүрийн найдвартай ажиллагааг хангах нь тун төвөгтэй асуудал. Гэсэн хэдий ч Королёвт өөр том тийрэлтэт хөдөлгүүр ашиглах боломж байгаагүй бөгөөд тийм хөдөлгүүр бэлэн болтол хүлээх ч цаггүй байв.

Н-1 пуужингийн бүтэц

1966 онд Королёв нас барсан бөгөөд түүнийг ажлыг Василий Мишин хүлээж авав. Василий Мишинд Королёвт байсан шиг эрх мэдэл, хүч чадал байгаагүй юм.

Нислэгт бэлэн болсон байдал

Нислэгийн өмнө
Н-1 пуужингийн төсөлд зориулж шинээр хоёр нислэгийн талбай бэлдсэн ба 1969 оны 2 сарын 21-нд анхны нислэгээ хийх болжээ.  Пуужин газраас амжилттай хөөрч 68 секундын дараа агаарт дэлбэрсэн байна. Дэлбэрэлтийн шалтгаан нь их хэмжээний чичиргээнээс болж хөдөлгүүрүүдийн нэг хоолой салж түүнээс болж гал авсан байна.



Дараагийн туршилтыг 1969 оны 7 сарын 3-нд хийсэн бөгөөд 5-9 секундын дараа суларсан боолт хүчилтөрөгчийн хоолойруу оржээ. Хөдөлгүүрийн автомат удирдлага түлшний хоолойд асуудалтай байна гэж тодорхойлж 29 хөдөлгүүрийг унтраасан бөгөөд түүнээс болж пуужин өндрөө алдаж унасан байна. Дэлбэрэлтээс болж нисэх талбай бүрэн эвдэрсэн бөгөөд 18 сарын турш засах шаардлагатай болжээ. Мөн энэ нь цөмийн биш хамгийн том дэлбэрэлт болсон юм.



Гуравдахь туршилт 1971 оны 6 сарын 26-нд болсон бөгөөд пуужин удирдлагаас гарч хөөрснөөс  51 секундын дараа эвдэрчээ.



Дөрөвдэх туршилт 1972 оны 11 сарын 23-нд болж мөн л амжилтгүй болжээ. Нислэгээс хойш 106 секундын дараа хөдөлгүүрт асуудал үүссэн ба удалгүй пуужин агаарт дэлбэрчээ.



Саранд хүрэх Н-1 пуужингийн төсөл анхандаа туршилтын 12 хүнгүй нислэг дараа нь хүнтэй нислэг хийнэ гэж төлөвлөж байжээ. 4 амжилтгүй туршилтын дараа тийрэлтэт хөдөлгүүр хийж байсан багийнхан хөдөлгүүрээ байнга сайжруулж улам найдвартай болгосон байна. Тэдний сайжруулсан хөдөлгүүр НК-33 байв. Туршилтын дараагийн Н-1 пуужингуудыг шинэ хөдөлгүүртэй хийсэн байсан бөгөөд зохион бүтээгчид амжилт ойрхон байна гэж найдаж байжээ.

НК-33 хөдөлгүүрийн туршилт
Гэвч 1974 оны 5 сард Н-1-гийн төслийг хааж бэлэн болсон байсан 2 Н-1-ыг НК-33 хөдөлгүүрүүдийн хамт устгахаар тушаасан байна. Гэвч НК-33 хөдөлгүүрийн зохион бүтээгчид хөдөлгүүрүүдийг устгалгүй нуужээ.

1990 оноос хойш улс төрийн байдал өөрчлөгдөж 20 жилийн өмнө үйлдвэрлэсэн хөдөлгүүрийг АНУ-д турших боломжтой болсон байна. “Aerojet” компани хөдөлгүүрийг туршилтанд оруулсан бөгөөд хөдөлгүүр нь зохион бүтээгчдийн хэлж байсан үр дүнд хүрч байсан байна. 20 жилийн өмнө зохиогдож орхигдсон хөдөлгүүр туршилтын үеийнхээ хөдөлгүүрүүдээс илүү үр ашигтай ажиллаж байжээ. Энэ нь "хаалттай цикл" ашигласны үр дүн нь байсан юм.



Ингээд худалдан авсан НК-33 хөдөлгүүрийг AJ26 гэж нэрлэх болжээ. НК-33-ийн дараа РД-180 гэх хөдөлгүүрийг бүтээсэн бөгөөд энэхүү хөдөлгүүрийг АНУ-ын “Atlas” төслийн пуужинг хөөргөхөд ашиглах болсон байна. “Atlas 3” пуужин нь анхны Оросын тийрэлтэт хөдөлгүүртэй Америкын пуужин болжээ.



Америкчуудтай хамтран ажиллаж өөрсдийн хөдөлгүүрийг найдвартай болсон гэдгийг харсан ч зохион бүтээгчдэд Н-1 пуужингийн НК-33 хөдөлгүүртэй 5 дугаар туршилтын нислэгийг хийх боломж харамсалтай нь олдоогүй юм.



Эх сурвалж: wikipedia.org, youtube.com, russianspaceweb.com, astronautix.com

Холбоотой нийтлэлүүд:
Сансрын Төлөөх Тулаан
"Буран"-ны Анхны Бөгөөд Эцсийн Нислэг

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer