Татах хүч

1/03/2014

Та сансрын нисгэгч болчхоод дэлхийн татах хүчнээс салж сансарт хөвөн нисэж, дэлхийн үзэсгэлэн төгөлдрийг ширтэн харахсан гэж мөрөөдөж байсан уу? Саран дээр хөвөх мэт алхаж, дурсгалын зураг авхуулахсан гэж мөрөөдөж байв уу? Мэдээж энэ бол хүн болгоны хүүхэд насны мөрөөдөл байдаг байх. Харин сансрын хөлөг сүйрч, эх дэлхийдээ буцаж ирэх найдвар бараг үгүй болсон үед бол сансар тийм ч сайхан газар биш гэдгийг мэдрэх болно. “Харри Портер”, “Хүний үр удам” зэрэг киног найруулсан алдарт найруулагч Алфанзо Гуарон сансрын уудмийн сайхныг төдгүй, аймшигийг “Татах хүч” хэмээх бүтээлдээ харуулжээ.

Агуулга

Анагаах ухааны инженер Райн Стон (Сандра Блок) НАСА-ын тусгай хөтөлбөрт хамрагдан зургаан сар бэлтгэл хийсний дараа Шатл Эксплорер хөлгөөр нисч одон орны Хаббл телескопт тандан судлах шинэ төхөөрөмж суурьлуулах даалгавар гүйцэтгэж байгаагаар кино эхэлдэг. Тэрээр туршлагатай сансрын нисгэгч Мат Ковалиски (Жорж Клүни) -ийн туслах юм. Харин кинонд гардаггүй боловч Хюстэн дэх сансрын удирдлагын төвөөс зааварчилгаа өгч байдаг хүн бол Эд Харрис юм. Тэрээр аюул ирж байгааг нэг удаа хэлээд л алга болдог шүү дээ.

Удалгүй сансарт өндөр хурдтай нисэж явсан сансрын хаягдлын шуургат өртөн Райн хөлгөөс тасран эзгүй сансарт шидэгддэг. Аз болоход Ковалиски түүний араас ирж түүнийг буцааж авч ирдэг. Гэвч эргэж ирээд Шаттл хөлөг сүйрч нисэх багийнхан бүгд үхсэн байгааг олж харна. Улмаар тэднээс 900 метрийн зайтай байсан Олон Улсын Сансрын Станц уруу тийрэгч ашиглан явах болно. Энэ хооронд сансрын хог тойрог замаар тойроод ирэх хугацаа нь 90 мин гэдгийг Ковалиски тооцоолдог. ОУСС дээр ирэхэд багийнхан Союз модулаар дэлхий уруу буцсан байдаг. Харин үлдсэн модуль эвдэрч ашиглалтаас гарсан байх болно. Тиймээс тэд 160 км зайтай Тиангон хэмээх Хятадын сансрын станц дээр очиж газардуулагч модуль ашиглахыг Ковалиски зөвлөөд өөрөө сансарт шидэгдэн алга болно. Харин Стон Союз капсул ашиглан Тиангонд очин газардуулагч модулиар эх дэлхийн нэгэн нууранд газарддаг.

Киноны агуулга бол ерөнхийдөө ийм. Энд харин кинонд болж буй сансрын үзэглүүдийг тайлбарлах гэсэн юм. Учир нь киног үзэх нь сайхан боловч зарим нэг зүйлс тайлбарлагдахгүй өнгөрдөг бөгөөд үүнийг үзэгчид төдийлөн анзаардаггүй.

Сансрын хаягдал

Ашиглалтаас гарсан хиймэл дагуулын хаягдал дэлхийн тойрог замаар эргэж байхдаа хоорондоо мөргөлдөж улмаар шуурга үүсгэж замдаа дайралдсан станц, сансрын төхөөрөмжүүдийг мөргөсөөр энэ нь гинжин хэлхээ үүсгэдэг байна. Эх газарт байгаа аливаа биет таталцлын хүчний хуулиар заавал газарт буудаг. Харин дэлхийн тойрог замд буй хиймэл дагуулууд татах хүчний нөлөөгөөр агаар мандалд орж шатах хүртэлээ тойрог замаар эргэсээр байдаг ба ингэж явах замдаа ажиллагаатай байгаа хиймэл дагуулуудыг мөргөж гэмтээдэг байна.

Энэхүү үзэгдлийг Кесслер Синдром (Kessler Syndrome) гэдэг боловч яг тогтсон онол байхгүй. Энэ оны эхээр аль зургаан жилийн өмнө ашиглалтаас гарсан хятадын хиймэл дагуулын үлдэгдэл оросын нэгэн хиймэл дагуулыг мөргөж сүйрүүлсэн. 2009 онд Америкийн Иридиум хиймэл дагуул болонОросын Космос хиймэл дагуулуудыг ийм шуурга авч одсоны дараа өнгөрсөн жил ОУСС-ын тойрог замыг өөрчлөх шийдвэрийг ОУС-ын удирдлагын төвөөс гаргасан.

Тэгэхээр кинон дээр дүрслэгдсэн шиг задгай сансарт ажиллаж буй нисгэгчид хаягдлын шуурганд өртөх бүрэн магадлалтай юм.

Сансарт дүүлэх

Сансарт сул дүүлэн нисэж байна гэж төсөөлдөө. Энэ асуудал жоохон төвөгтэй. Орбитын механик хөдөлгөөн нь тун гайхалтай байдаг. Жишээ нь та гартаа дэрийл барьсан сансрын хөлгөөсөө 25м зайтай хөвж явлаа гэж бодъё.

Ньютоны хөдөлгөөнийн болон реакцийн хуулиар бол та гартаа барьсан дэрийлээ сансарын уудам уруу шийдвэл реакц таныг эсрэг чиглэлд түлхэх ёстой. Гэвч тойрог замын физикийн хууль дэлхийнхээс арай өөр учир бид дэрийлээ сансрын хөлөгрүү чиглүүлэн шийдэх ёстой ба энэ нь биднийг сансрын уудамд хаягдахаас хамгаалж шидсэн чиглэл рүү түлхэх болно.

Дуулга

Сансрын нисгэгчийн дуулга
Сансар бол ямар ч агаар байхгүй вакум орчин шүү дээ. Тиймээс сансрын янз бүрийн туяа болон нарны туяанаас хамгаалах ямар ч хамгаалалт байхгүй. Тиймээс сансрын нисгэгчид тусгай зориулалтын хамгаалалтын хувцас өмсдөг. Харин “Татах хүч” кинон дээр сансрын нисгэгчид маань шилэн нүүртэй дуулга өмссөн нүүр нь тун сайхан харагдаж байдаг. Ийм дуулга өмсвөл шууд л ямар нэгэн туяаны хордлого тусаж үхэх болно. Гэхдээ мэдээж алдартай жүжигчид тоглуулчаад нүүрийг нь гаргахгүй бол утгагүй болох учраас найруулагч маань үүнээс өөр шийдэл олдоогүй бололтой. Тэгээд ч хэн нь мэдэгдэхгүй царай нь харагдахгүй хүн гараад байвал ямар ч сонирхолгүй кино болно шүү дээ.


Гал

Сансарт агаар байхгүй учир гал гарахгүй. Хэрэв та анзаарсан бол кинон дээр сансрын хөлөг доторхыг эс тооцвол дэлбэрэлт ч юм уу, гал гардаггүй шүү дээ. Гэтэл болж буй үйл явдал нь хиймэл дагуул сансрын хөлөг мэт аварга зүйлс мөргөлдөж, эвдэрч хэмхэрч байдаг. Жирийн кинон дээр хоёр машин мөргөлдөхөд л ямар их дэлбэрэлт болдог билээ дээ? Харин “Татах хүч” дээр гал зөвхөн сансрын хөлөг дотор л гардаг – учир нь хүчил төрөгч байгаа юм.

Дуу

Түрүүн хэлсэн шиг сансарт агаар байхгүй учир дуу чимээ тархахгүй (дууны долгион агаараар л тархдаг шүү дээ). Кинонд аварга мөргөлдөөн болж байхад чимээ огт гардаггүй. Кино эхлэх үед Стон дэрийл ашиглаж байхад чичиргээ сонсогддог. Уг нь бол энэ чичиргээ сонсогдохгүй байх ёстой. Гэхдээ ямар ч дуугүй байвал кино маань утгагүй болно. Харин үүнийг найруулагч маань маш ухаалгаар шийдсэн байна. Юу гэвэл кинон дээр гарч буй дуу чимээ нь зөвхөн Стоний биед мэдрэгдэж, сонсогдож буй дуу чимээ аж. Тэрхүү дэрийлийн чимээ нь Стоний гарт мэдрэгдэж буй чичиргээ юм.

Гренландын Загасчин

Гренландын загасчин
Кинонд дүрслэгддэг нэгэн сонирхолтой үзэгдэл нь Стон Союз хөлөгт байхдаа радио холбоогоор сансрын төвтэй холбогдох гэж оролдох үедээ хэл нь үл ойлгогдох хүнтэй холбогдчихдог. Тэр бол Гренландын уугуул загасчин бөгөөд хүүхдээ бүүвэйлж буй дуу нь Стонд сонсогдож байгаа нь тэр аж.


Хэдэн шүүмжлэл

Аливаа зүйлийг төгс хийнэ гэдэг хэцүү. Тэр тусмаа ийм кинод мэргэжлийнхнээс асар их шүүмжлэл ирдэг байна. Сансрын нисгэгчид, зарим сансар судлалын эрдэмтэд уг кинонд хэд хэдэн шүүмжлэл хийсэн байдаг.

  • Хаббл болон ОУСС-ын тойрог
    замын хурьцуулалт
    Хаббл дуран 559000м өндөртэй, орбитын 28.5 градус байрлалд байдаг бол ОУСС 420000м, 51.65 градусын байрлалаар дэлхийг тойрч байдаг. Тойрог замын ийм зай нь энэ хоёр обектийн хооронд зорьчих боломж бараг байхгүй гэсэн үг юм. Хэрэв нэгнээс нөгөөд хүрэхээр бол төлөвгөө гаргаж, сайн тооцоолол хийх технологи ашиглах шаардлагатай ба асар их хэмжээний түлш хэрэг болно. Тиймээс зарим нэг хүмүүс кинонд Хаббл дуранг биш өөр зохиомол дуран ашигласан бол илүү үнэмшилтэй болох байлаа хэмээн хэлж байна.
  • Стоныг аврахын тулд Ковалски өөрийнхөө олсыг тайлж өөрөө сансрын уудам уруу нисэн оддог үйл явдал гардаг. Тэгвэл үүнийг жинхэнэ сансрын нисгэгчид мөн шүүмжиж байна. Учир нь таталцлын хүч тэг (zero gravity) үед Ковалскийг зөөлөн угзарахад л түүнийг өөрлүүгээ татаж амийг нь аврах боломжтой байсан аж.
  • Стоний нулимас нүднээс нь урсаад дараа нь салдаг. Таталцлын хүч тэг үед бол нүднээс гарсан нулимс гадаргын таталцлаас болж нүүрнээс салахгүй байх ёстой гэнэ. Мөн Стоний үс нэг чиглэлд бус усанд шумбах үе шиг хөвөх ёстой байсан аж.

Энэ мэт шүүмжлэл байгаа боловч уг киног энгийн үзэгчид төдийгүй жинхэнэ сансрын нисгэгчид хүртэл магтан сайшааж байна. Кинонд ашигласан хувцас хэрэглэл, техникүүд нь яг л сансрын нисгэгчийн алхам тутамдаа ашигладаг зүйлс байсан хэмээн тэд магтаж байна. Түүнчлэн бидний хэлдэгээр жингүйдэх зураглалыг үнэхээр жинхэнэ мэт хийсэн аж. Ер нь жингүйдлийг дэлхийд хийнэ гэдэг тун хэцүү юм. Бидний мэдэх сансрын зөгнөлт кинонууд дээр ихэнх нь дэлхий дээр эсвэл татах хүчинд байгаа мэт алхаж байдаг шүү дээ. Харин Гравити бол тэр чигээрээ “Тэг-Таталцал” шүү дээ.

Татах хүч” нь Алфанзо Гуаронгын шинжлэх ухааны холбогдолтой анхны бүтээл аж. Уг киног бүтээхийн тул бүхэл бүтэн дөрвөн жил зарцуулсан нь ямар их хөдөлмөр, мөнгө шингэсэн бүтээл болсон бэ гэдгийг харуулж буй байх. Зураг авалт эхлэхээс өмнө анимац бүтээж, түүнийгээ бодит сансрын орчинд оруулахын тулд 2.5 жилийг зарцуулсан байна. Мөн киног бодит болгохын тулд физикч, сансрын нисгэгч, эрдэмтэд, судлаачдыг оролцуулан зааварчилгаа авсан аж.


Найруулагч уг киногоороо ямар мессеж өгөхийг хүссэн бэ? Зарим сансар судлаачид уг киног “Тэг-Татах хүч”(Zero Gravity) гэж нэрлэх ёстой байсан гэж хэлж байсан. Үргэлж жингүйдэлд буй сансрын нисгэгч гардаг киноны зохиол, үйл явдлыг бодож үзвэл ингэж нэрлэх ёстой байсан байх. Гэхдээ киногоор дамжуулан хэлэх гэсэн найруулагчийн санаа арай өөр юм. Тэрээр дэлхийн татах хүчнээс арай өөр хүчийг мөн харуулахыг зорьсон бололтой. Дэлхийгээс 600,000м алслагдсан сансраас буцаж ирэх найдвар тасарсан үед эх дэлхийдээ буцаж ирэхийг эцэс хүртэл хичээж буй Стоныг харвал эх газраас маш хүчтэй хүч түүнийг татаж байсан бололтой. Мэдээж амьд үлдэхийг хүсэж байсан нь тодорхой. Гэхдээ Ковалски Стон хоёр ОУСС уруу явах замдаа Стоны гэр болон охиных нь талаар ярьдаг. Стон нэг охинтой байсан ба түүндээ хязгааргүй хайртай байсан ч үхлээр алдсан байна. Энэ явдал нь түүний амьдралд маш хүндээр туссан бөгөөд ертөнцийг үзэх үзлийг нь өөрчилсөн ажээ. Өөрөө хэлбэл тэрээр үхэхэд хараахан бэлэн биш, амьдралдаа гаргасан алдаа харамслаа засах хүсэл их байсан бололтой. Түүнчлэн Союз модульд байхдаа амьд гарах найдвар тасарч хүчил төрөгчийн хоолойг хаагаад үхэхээр шийдсэн үед Ковалски гэнэт орж ирээд түүнийг заавал амьд үлдэж буцаж явах ёстойг сануулснаар Стон дахин урам зориг ордог. Мэдээж Ковалскийн үзэгдэл бодит биш Стоны дотор буй тэрхүү хүч энэхүү хий дүрслэлийг бий болгосон ба эх дэлхийдээ заавал буцах ёстой гэсэн ухамсар түүнд маш хүчтэй байсныг харуулж байгаа юм. Ийнхүү тэрээр бүх саад бэрхшээлийг даван туулж эх дэлхийдээ газардаж, эх газрын татах хүчийг биеэр мэдэрснээр кино төгсдөг.


Уг кино танд таалагдсан гэж найдаж байна. Надад маш их таалагдсан. Ялангуяа дээрх зүйлсийг олж мэдсний дараа кино илүү амттай санагдах болсон гэдгийг хэлмээр байна. Хэрэв та уг киног үзэж амжаагүй бол заавал үзээрэй.



Эх сурвалж: wikipedia.org, wired, theguardian.com, theatlantic.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer